ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баатархүү: С.Жавхланг албадан ирүүлэхээс өөр аргагүй байдалд орж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-22

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдүүлэг өгсөн эсэх асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Аравдугаар сарын 19-ны өдөр иргэн Б.Отгонтөгс нь хэвлэлийн хурал хийхдээ УИХ-ын гишүүн асан С.Жавхлан нь Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг нэхэж, шантаажилсан гэх гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хийсэн. Улмаар, тус иргэн аравдугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан учраас бидний зүгээс гэмт хэргийн шинжтэй үйдлийг нь шалгаж эхэлсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас Сангийн сайдаас гэрчийн мэдүүлэг авсан. Мөн тухайн яриа болох үед тэнд байсан гурван хүнээс ч мэдүүлэг авсан байгаа.

Бид гавьяат С.Жавхлан руу албаны утаснаас ирж мэдүүлэг өгөхийг хүсэж 11 удаа залгасан ч нэг ч удаа утсаа аваагүй. Тиймээс маргааш нь буюу 20-ны өдөр цагдаагийн мөрдөгчид очиж мэдүүлэг авах ёстойг хэлж, дуудах хуудас өгсөн ч мөн л ирсэнгүй. Өнөөдөр прокурорын дуудах хуудас хүргүүлсэн ч мөн л ирсэнгүй. Хүлээж авахгүй тайлбараа янз бүрээр хэлж байна. Гэхдээ хууль шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй. Өөрөө ирээд энд тайлбар өгөөч л гэсэн юм. Бодитой эсэх талаар мэдүүлэг авах гэхээр ирэхгүй байгаа учраас дараагийн арга хэмжээ мэдээж шүүхийн захирамжаар албадан ирүүлэх шүү дээ.

Гэхдээ өөрөө хүрч ирээд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаад ирэх байх аа. Хуулийн хугацаанд бид тухайн иргэнд тавих ёстой шаардлага, бичгээ өгөөд явсан. Худлаа бол худал, үнэн бол үнэн гэдэг тайлбар л авах ёстой юм. Мөн жагсаал цуглаан зохион байгуулах бол бүртгүүлнэ гэсэн заасан ч тэр үүргээ хэрэгжүүлээгүй. Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан, түүнд оролцсон бол Зөрчлийн хуулиар хариуцлага яригддаг. Хэрвээ зөвшөөрөл авсан бол бидний зүгээс хамгаалалт өгөөд явдаг” гэлээ. Мөн С.Жавхлан нь сэтгүүлч бүсгүйн биед халдсан асуудалд мөн Зөрчлийн хэрэг үүсгэсэн бөгөөд тухайн сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртсөн хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ.