Одоогоос 60 жилийн өмнө буюу 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын XYI хурлын индэр дээрээс БНМАУ-ын анхны гавьяат багш, нэрт зохиолч Д.Цэвэгмид эх орон, ард түмнээ төлөөлөн үг хэлж, БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн орноор элсүүлсэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.
Тусгаар тогтнолоо дэлхийн 200 орчим орноор хүлээн зөвшөөрүүлсэн энэхүү түүхэн өдрийн хүрээнд өнөөдөр олон арга хэмжээ төлөвлөгджээ. 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш 25 жилийн дараа буюу 1946 онд БНХАУ, ЗХУ хоёр бидний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Түүнээс хойш 15 жилийн турш НҮБ-д элсэх хүсэлтээ удаа дараа гаргаж байж 1961 онд элсэж чаджээ.
1945 оны зургадугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотноо дэлхийн олон орны удирдагчид НҮБ-ын Дүрмийг баталж, улмаар эл дүрэм 1945 оны аравдугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон байдаг. НҮБ нь дайны гамшгаас хойч үеийхнийг ангижруулах зорилгоор байгуулагдсан. НҮБ-ын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэлийг энх тайван, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх хэмээн тогтоосон нь одоо ч хэвээр байна.
Энэ хүрээнд өнгөрсөн 75 жилийн хугацаанд НҮБ нь колончлолыг устгах, зэвсэг хураах, сөргөлдөгч талуудын хооронд энхийг сахиулах ажиллагаа явуулах, олон улсын эрх зүйг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, гамшиг зовлонд нэрвэгдсэн сая сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, халдварт өвчнийг устгах, өлсгөлөнг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг дэлхий нийтийн сайн сайхны төлөөх бүхий л үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан юм. Анх 51 гишүүнтэй байгуулагдсан НҮБ өнөөдөр 193 гишүүн улстай болж, эгнээгээ тэлсэн байна. НҮБ-ын 30 гаруй төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөр дэлхийн улс түмэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
Эдүгээ Монгол Улс НҮБ-ын ЮНЕСКО-гийн өв соёлд олон язгуур үнэт зүйлсээ бүртгүүлж чадсан байна. Байгаль экологийн олон чухал газруудаа ДБХС-гийн жагсаалтад орууллаа. НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд ч Монгол Улс оролцсон гээд 60 жилийн хугацаанд бид чамлахааргүй олон арван түүх бүтээснийг өнгөрөгч даваа гарагт болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр ярилцаж байлаа. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн танд түүхэн ойн өдрийн мэндийг хүргэж байна.
\“Нүүрэнд нь гал бадарсан Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би...” хэмээн Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж шүлэглэсэн билээ.