Нийслэлийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Төгсжаргалын Эрдэм дүү маань галын аюулаас эрдэнэт хүний амь аварч, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэжээ.
Тодруулбал, хичээлийн завсарлагаанаар гадаа байх үедээ гал гарч буйг харж, улмаар гадуур хувцсаа тайлан галыг унтраасан байдаг. Хүүд Нийслэлийн цагдаагийн газар болон Монголын сурагчдын холбоо талархал илэрхийлж, түүний эр зоригийг үнэлэн урамшуулсан билээ.
Тэгвэл өсвөр үеийн хүүхэд залууст зөв үлгэр дууриалал үзүүлсэн Т.Эрдэм хүүг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хувиасаа шагнаж урамшуулна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр, энэ талаар бичихдээ "Хүн болох багаасаа гэж бусдын төлөө эрсдэл гаргаж, чин сэтгэлээ зориулж чаддаг ирээдүйтэй байна гэдэг ямар сайхан хэрэг вэ. Дүүдээ Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагналыг гардуулахаар шийдлээ" хэмээжээ.