ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Бадамсүрэн: Петро Чайна Дачин Тамсагийн Ерөнхийлөгчийг шүүхэд өгнө

O.Admin
2021-10-28

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн  Дорнод аймгийн Матад, Халхгол сумдад газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг  "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн удаа дараа хууль зөрчсөн үйл ажиллагаанаас шалтгаалж тус компанийн ерөнхийлөгч Жан Хун Фу-г байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хуулийн байгууллагууд хандаад байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийжээ.

"Петро Чайна Дачин Тамсаг" ХХК нь газрын тосны олборлолтын үйл ажиллагааг эрхлэх, үргэлжлүүлэх үндсэн баримт бичиг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглуулах гэрээ болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Усны тухай хуулийг зөрчиж, Тосон Уул-19 талбайд 1262670м3, Тамсаг-21 дүгээр талбайд 797407 м3 усыг тус тус зөвшөөрөлгүй ашигласан аж. 

Мөн нөхөн сэргээлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг ердийн хөрсөн замаар хийж, стандарт болон хууль тогтоомжийг зөрчин тус бүс нутагт 8-20 салаа бүхий 80 гаруй метр өргөнтэй 58.5 км урттай өргөн зам үүсгэж, хөрсний доройтол, эвдрэлийг үүсгэн ан амьтан, ургамлын төрөл зүйлийг санаатайгаар гэмтээж устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулах хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан зэрэг зөрчлүүд тогтоогджээ.

Дорнод аймгийн Засаг даргын зүгээс 2017 онд газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд Дорнод аймгийн Засаг дарга, Ашигт малтмал газрын тосны газар, Петро Чайна Дачин Тамсаг ХХК гурван талт хэлэлцээрийн ширээний ард суугаад гурван жил өнгөрсөн ч нөхцөл байдал сайжраагүй байна.

Дээрх хугацаанд "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг орон нутгийн зүгээс шаардаж эрх хэмжээний хүрээнд бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч, аймгийн Засаг даргын эрх мэдлээс давсан асуудал болоод байгаа учир Монгол улсын Засгийн газрыг төлөөлж тус компанитай хэлэлцээр байгуулсан Ашигт малтмал газрын тосны газар ажлаа хийж, тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хатуу шаардлага тавьж, хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй гэлээ.