ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өсвар насны хүүхдэдээ өөрийн үзэл бодлоо хэт тулгах нь буруу гэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-29

"Өчигдөр 22.40 цагийн үед өсвөр насны хүүхэд ээжтэйгээ муудалцсаны улмаас ачааны галт тэргэнд дайруулан амиа алдсан" гэх мэдээллийг бид хүргэсэн билээ. Тэгвэл өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харьцах болон, тэдний сэтгэхүйг ойлгох талаар Цагдаагийн байгууллагын сэтгэлзүйч мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өсвөр насны хүүхдүүдэд шилжилтийн настай холбоотой сэтгэлзүйн байдалд өөрчлөлт ордог. Сэтгэл хөдлөлөө хянах чадвар сулрах, тогтворгүй болох зэргээр хэт их шийдэмгий болох эсвэл буурдаг. Эндээс болж өөрийнхөө үнэмлэмжид нөлөөлдөг талтай.

Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа өөрийнхөө үзэл бодлыг хэт тулгахгүй байх, үгсийн сонголтод анхаарах хэрэгтэй. Бие хүн болох төлөвшил эхэлчихсэн байхад нь өөрийн үзэл бодлоо хэт тулгаад байгаа нь зөрчилдөөний эх үүсвэр болоод байгаа юм. Бидний ээж аавын үед хатуу ширүүн үгээр загнах, буруу зүйл хийчихвэл алганы амт үзүүлчихдэг байсан байх.

Харин одоо цагт хүүхдийн сэтгэхүй өөр болж, нийгмийн сэтгэлзүй ч өөрчлөгдлөө. Насанд хүрэгчид, эцэг эхчүүд, хүүхдүүд ч хүнд хэцүү байдал тулгарахад түүнийг даван туулах тал дээр л ажиллах шаардлагатай болжээ. Хүн бүрт нас насандаа тохирсон сэтгэлзүйн хэрэгцээ байдаг. Сэтгэлзүйн жам ёсны хэрэгцээ хүүхэд эхийн хэвлийд байхаас эхэлж, насан эцэслэх хүртэл үргэлжилдэг. Тиймээс нас, насанд нь авагдах ёстой хэрэгцээг хангаж байгаарай гэж эцэг эхчүүдэд захиж байна. Богино хугацааны сэтгэл гутралаас болж буруу шийдвэр гаргаад байгаа” гэлээ.

Улмаар эцэг эхчүүд нь амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, удаан хугацааны сэтгэл гутралаас болж ийм шийдвэр гаргасан бол хариуцлагын асуудал яригддаг аж. Өсвөр насны болон залуус удаан хугацааны үл хайхрах байдал, сэтгэл гутралаас үүдэн нэг удаад цочмог үйл явдал тохиолдоход амиа хорлох шийдвэр гаргадаг учраас хэргийг бүрэн шалгаж тогтоосны дараа хариуцлагын асуудал ярина гэлээ.