Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэрлэх ёслолын ордон, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс хамтран гэрлэлтээ батлуулж буй дүүргийнхээ хосуудад “Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах” ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа, дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Ариунжаргал нар оролцож гэрлэлтээ батлуулан нөхөр, эхнэр болж хосуудад гэрлэлтийн баталгаа, ИТХ-ын талархал гардуулан өгч амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд ярихдаа “Өнөөдөр та бидний зогсож буй Гэрлэх ёслолын ордны суурин дээр анх Улаанбаатар хотын захиргаа зургаан гэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Анхны дарга нь н.Баяр гэж байсан. 1976 онд тухайн үедээ Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Сүүлийн хоёр жил ковидоос шалтгаалан иргэд гэрлэх ёслолын ордонд орж ирж гэрлэлтээ бүртгүүлж чадахгүй байсан. Харин бид албан ёсоор 10 хосод гэрлэлтийн гэрчилгээг нь гардуулах ажлыг зохион байгууллаа. Цаашдаа уламжлал болгон зохион байгуулна. Гэрлэлтийн гэрчилгээгээ авна гэсэн хосуудыг сонгосон. Өмнө нь албан байгууллага оффисоос авдаг байсан бол зайгаа тооцож байгаад 10 хосыг сонгож гэрлэлтийн гэрчилгээг нь гардуулж өглөө” гэсэн юм.
Мөн энэ үеэр "Гэрлэх ёслолын ордны түүхэн болон Хосуудын аз жаргалтай мөч" гэрэл зургийн үзэсгэлэн, Нийслэл хотын түүхэн бүтээн байгуулалт, гэрлэх ёслолын ордны видео танилцуулга, Гэр бүлийн тухай ойлголт, Гэр бүлийн тогтвортой харилцаа сэдвээр гэр бүлийн боловсрол дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Гэр бүл болж буй хосууддаа
Ховор эрдэнийн үнэтэй залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай замбуу тивийн ёс
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдлээрэй
Насан туршид хамтран жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.