Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Тодканнам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 19-ны өдөр буюу өчигдөр товлогдсон билээ.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт, иргэний хариуцагч Д.Тодномбат ковид-19 өвчний ойрын хавьтал болсон тухай баримтаа ирүүлсэн, шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай баримт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тус эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байсан 29 настай эмэгтэй мэс заслын явцад эрүүл мэндэд нь хүндрэл үүсэж, улмаар өвчтөнг өөр эмнэлэг рүү хүргэсэн боловч зүрх нь зогсож амиа алдсан байдаг.
МХЕГ-аас шалгалт хийхэд тус эмнэлэг нь гоо сайхан нөхөн сэргээх зөвшөөрөлтэй хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг нь илэрсэн бөгөөд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд бүртгэлтэй хэдий ч ХУД-т үйл ажиллагаа явуулдаг байсан юм.
Тиймээс Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Гэсэн ч тус эмнэлэг нь нэрээ SM болгон өөрчилж үйл ажиллагаа явуулсаар байсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард мөн л тус эмнэлэгт хамраа тэгшлүүлэх мэс засалд орж байсан иргэн давхар бэлэг эрхтэн томруулах мэс ажилбарт орж байхдаа мөн л хүндэрч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.