ШӨХТГ-аас онлайн бизнес эрхлэгчдийг хэрэглэгчийн төөрөгдүүлсэн худалдаа наймаа эрхэлдэг гэх үндэслэлээр шалгана гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл шалгалт эхэлснээс хойш онлайн худалдааны хоёр вэб сайтыг шалгахад л хэрэглэгчийн эрх ашгийг төөрөгдүүлсэн, Зар сурталчилгааны хууль дүрмийг ноцтой зөрчсөн байжээ.
Тухайлбал, Сайхан.мн фэйсбүүк хуудас ажиллуулж онлайн бараа борлуулдаг иргэн Д.Байгальмаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа байршуулсан, зар түгээгчийн нэр хаяг, байршлыг оруулаагүй зэрэг зөрчил гаргасан учраас Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгожээ.
Мөн Смарт онлайн шопинг ажиллуулдаг иргэн А.Дэлгэрдалай нь зарж буй бүтээгдэхүүн нь чанаргүй, бодит зурагнаасаа зөрсөн зэрэг зөрчил гаргасан учраас мөн л Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгосон аж. Онлайн худалдааны бараа бүтээгдэхүүн бодит зурагтайгаа зөрдөг, хэрэглэгчийг төөрөгдүүлдэг, зарсан бүтээгдэхүүн нь чанаргүй зэрэг хэрэглэгчээс ирсэн гомдлын мөрөөр цаашдаа шалгалт үргэлжилнэ гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдлээ.

