Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны салбарын 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүст төрийн одон, медаль гардууллаа. Энэ өдөр Ардын багш, академич, профессор Ч.Авдай Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол Малын гавьяат эмч, профессор Б.Бямбаа, академич Т.Дорж нар Ардын багш боллоо.
Шинэхэн Хөдөлмөрийн баатар Ч.Авдай сэтгэгдлээ хуваалцахдаа “Би бол 1966 онд МУИС-ийг Инженер, техникийн мэргэжлээр төгсөөд тэр цагаас хойш инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх ажилд 56 дахь жилдээ ажиллаж байна. Политехникийн дээд сургуулийн багш, сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, мөн Их хуралд хоёр удаа сонгогдож байлаа. Инженер, техникийн сургуулийг нийтдээ 86 мянган хүн төгссөний нэг нь би. Бидэнд багшилж байсан олон сайхан багш нар, ангийн хамт олон, найз нөхөд, мэргэжлийн хамт олон, аав ээж, ах дүү нартаа баярлалаа. 20 мянган хүнд хичээл зааж, 30 гаруй хүний эрдмийн ажлыг удирдаж доктор хамгаалуулж, улсын хэмжээнд 10 гаруй жижиг үйлдвэрийг байгуулахад гар бие оролцжээ. Чацарганыг мөн тариалахад гар бие оролцож явлаа. Энэ бүхнийг маань үнэлж төр шагналаа өглөө” хэмээсэн юм.
Харин Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор академич Ц.Баатар, Боловсролын хүрээлэнгийн cекторын эрхлэгч Н.Бэгз, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Б.Дагвацэрэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ч.Дугаржав, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ш.Дэмбэрэл, Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Пүрэвсүрэн, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Сумъяа, ШУА-ийн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нарыг шагналаа.
Удирдлагын академийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ш.Батсүх, Цөмийн энергийн комиссын ахлах ажилтан С.Даваа, Отгонтэнгэр их сургуулийн тэнхимийн эрхлэгч С.Одхүү нар Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн юм.