Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 32 тэрбум төгрөгөөр баригдахаар болсон “Богд Зонхова” төслийн талаар Соёлын дэд сайд М.Батбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Учир нь тус төсөл 2021 оны төсөвт анхлан 5.5 тэрбумын өртөгтэй гэж суусан ч энэ жил төсөвт өртөг нь огцом нэмэгдэж, 32 тэрбум болсон, мөн төсвийг нь өгөөгүй байхад барилгын ажил нь эхэлсэн гэх мэтээр асуудал үүсээд байгаа юм.
Дэд сайд М.Батбаяр хэлэхдээ “Засгийн газраас соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд олон үе шаттай ажил хийгдсэнээс 2007 оноос Гандангийн дэнж орчимд түүх соёл шашны олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Сүүлийн үед Богд Зонхова түүх соёл, шашны бүтээн байгуулалт олны анхааралд орсон учраас мэдээлэл өгье. Та бүхний мэдэж байгаачлан жил бүрийн улсын төсвийг урд жилийнх нь арваннэгдүгээр сард баталдаг. 2020 оны арваннэгдүгээр сард 2021 оны улсын төсвийг хэлэлцэх үед Богд Зонхова төслийг Соёлын яам улсын төсөвт оруулаагүй.
Төсөв хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүдээс санал орж ирсэн юм билээ. Улмаар Соёлын яамны төсөв болгож суулгахдаа төсөвт өртгийг 5.5 тэрбум, тухайн ондоо санхүүжих нь 1.5 тэрбум гэж тусгасан юм билээ. Хуульд заасны хүрээнд бид төслийг эхлүүлэх шаардлагатай болж зураг төсөв, санхүү, эдийн засгийн тооцоо судалгаа, хуульд заасан бусад материалыг бүрдүүлэх шаардлагатай болсон. Өмнө хэлсэнчлэн, бид төсөвт анхнаасаа суулгаагүй учраас 1.5 тэрбум гэж яагаад тооцоолсныг мэдэхгүй.
2021 оны дөрөвдүгээр сараас эхлээд зураг төсөв боловсруулах даалгаврыг Барилга хот байгуулалтын яам, НЗДТГ-тай хамтарч баталсан. Дэд бүтцээр хангагч байгууллага буюу ДЦС, УСУГ-тай мөн техникийн нөхцлөө тохирсон. Энэ бүхэн одоо мөрдөж буй хууль дүрмийн хүрээнд хийгдсэн ажил. Улсын болон хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлт зэргээс үндэслэн Барилгын хөгжлийн төв дүгнэлт гаргахдаа бодит өртөг нь 5.5 биш 32 тэрбум гэж тооцоолсон юм. “Богд Зонхова” зөвхөн хөшөө биш. Цогцолбор ажлын хүрээнд 4-5 ажил явна. Суурь үйлчилгээний барилга нь дөрвөн давхар байна. Мөн барилга барих талбайд шугам сүлжээ байхгүй учраас дэд өртөө байгуулах, шугам сүлжээ татах, гадна тохижилт буюу гэрэлтүүлэг, ногоон байгууламж орно. Дөрөвдүгээрт бурханы хөшөө буюу Богд Зонховаг босгоно. Энэ бол энгийн барилга биш. Хийц, архитектурын нарийн ур ухааныг шаардах хийцлэл өндөр барилга. 2007 оноос л шашны бүтээл хийнэ гэж яригдаж эхэлсэн” гэлээ.
Соёлын яамны зүгээс анхлан төслийг хүлээн авахад 5.5 тэрбум байсан ч төсөвт өртөг нь 32 тэрбум болж нэмэгдсэн учраас тендер зарлахыг хойшлуулж, УИХ-д эргэн мэдэгдэж, асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төсвийн саналд оруулжээ. Улмаар тендер зарлаж, сонгон шалгаруулалт явагдаж, захиалагч гэрээ байгуулж Нийслэлийн хот байгуулалт, барилга хөгжлийн газраас зөвшөөрсний үндсэн дээр барилгын ажил эхлэх ёстой ч хэнд ч мэдэгдэхгүйгээр барилгын ажил эхэлсэн асуудалд Соёлын яам анхаарч, холбогдох газруудаас мэдээлэл авахаар ажиллаж байгаа аж. Соёлын яамны зүгээс төслийг зогсоох саналаа явуулж УИХ-аас шийдвэр гарсан тохиолдолд тус төслийг зогсоох юм байна.