ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Баярхүү: Шар түвшинд шилжсэнээр хариуцлагын гэрээ байхгүй болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-24

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний зүгээс гуравдугаар тунгийн вакцинжуулалт зорилтот хүн амын 50 хувьд хүрсэн тохиолдолд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 100 хувь нээж, улбар шар түвшинг нэгээр бууруулж шар түвшинд хүргэх чиглэлийг өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр өгчээ.

Тэгвэл шар түвшин болж буурснаар ямар ямар үйл ажиллагаа хэвийн нөхцөлд шилжих талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү ярихдаа “Зорилтод хүн амын 50 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагдсан тохиолдолд улбар шар түвшнээс шар түвшинд шилжих боломжтой. Засгийн газрын 118 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Коронавируст халдварын цар тахлын тархалтын түвшинг тогтоож, хүн хуулийн этгээдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах” түр журам бий.

Энэ журмын хүрээнд халдварын тархалтыг дөрвөн өнгөөр ялгаж түвшин тогтоосон. Энэ түвшинг анх тогтоож байхад вакцинжуулалт хийгдээгүй байсан учраас улаанаар тогтоож байлаа. Тэр үеийг бодвол нийт хүн амынхаа 60 хувийг хоёрдугаар тунд хамруулчихлаа. Цаашдаа гуравдугаар тунд 50 хувь хамрагдсан тохиолдолд түвшинг бууруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх долоо хоногт түвшинг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна.

Шар түвшинд шилжсэнээр аж ахуйн нэгж байгууллагуудад тавигдаж буй хязгаарлалтуудыг суллаж өгнө. Хүний тоог хязгаарлахыг болиулах, аж ахуйн нэгж байгууллага дээрх хариуцлагын гэрээнд тусгасан заалтуудыг байхгүй болгоно, цаашдаа хариуцлагын гэрээгүйгээр энгийн хэвийн амьдрал руу шилжинэ” гэв.