ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүхбаатар дүүргийн иргэдийн 25 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-24

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдээ дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах хоёр сарын хугацаатай аяныг зарласан билээ. Өнөөдөр тус аяныг зохион байгуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хурал боллоо.

Хурлын эхэнд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нэмэлт дархлаажуулалтын ажлын явцын тайлан мэдээг танилцууллаа. Дүүргийн хэмжээнд иргэдийн III тунд хамрагдалт аяны хугацаанд 19,2-25,6 хувь болон өссөн байна. Мөн хурлаар нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд иргэдээ нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр хороодын иргэний танхимд дархлаажуулалтын цэг шинээр нээхээр боллоо.

Үүний хүрээнд иргэний танхимуудад халдвар, хамгааллын дэглэм сахиулах, ажиллах хүчний нөөц, хороодын Засаг даргын Ажлын албаны оролцоо, иргэний танхимын оролцоо, ажиллах цагийн хуваарь зэргийг танилцуулж, зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр Засаг дарга Х.Болормаа удирдах ажилтнууд болон албан хаагчид дор бүрнээ оноогдсон ажлаа чанартай, хариуцлагатай гүйцэтгэх, нэмэлт тунгийн дүн мэдээгээ хариуцсан байгууллагуудад үнэн зөв хүргэх, дамжуулах, хороодын Засаг дарга нар иргэдээ нэмэлт тунд хамруулах зохион байгуулалтаа маш сайн хийхийг үүрэг болголоо.

Маргааш Засаг даргын орлогч Ц.Шижирээр ахлуулсан ажлын хэсэг дархлаажуулалтын цэг нээсэн иргэний танхимуудад ажиллах юм.