Шөнийн эргүүл шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эрэн сурвалжлагдаж байсан хүнийг олж, хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн аж. Улмаар шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, цахим тоглоомын газар цагийн хуваарь хэтрүүлсэн зэрэг 20 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.
Мөн зөрчил гаргасан, цаашид гэр бүл, хүүхдийнхээ аюулгүй байдалд заналхийлж болзошгүй 3 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 45 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 18 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.