ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Баянсэлэнгэ: Туркчууд монголын хүүхдүүдийг, монгол төрийг доромжилж байна

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-07-28

Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, БНТУ-ын иргэн Вейсел Акчайг өнөөдөр өглөө гэрийнх нь гаднаас нүүрэндээ баг зүүсэн хүмүүс хулгайлсан нь Монгол Улсыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулаад байна. Албан бус мэдээллээр Вейсел Акчайг БНТУ-д улсад хоёр жилийн өмнө болсон төрийн эргэлтийг зохион байгуулахад оролцсон гэх үндэслэлээр БНТУ-ын тусгай хүчнийхэн хулгайлсан гэх мэдээлэл тархаад байна. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд шууд халдсан гэж үзэхүйц энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Өнөө өглөө 09 цагт Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гадаадын иргэнийг нүүрэндээ баг зүүсэн хүмүүс хүч хэрэглэн машинд суулгаад явлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Уг мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, прокурорын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд яваа хэрэг учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн өнөөдөр 12 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Турк улсын “ТТ 4010” дугаартай тусгай үүргийн онгоц газардсан. Уг онгоцоор бусдад хулгайлагдаад байгаа Вэйсел Акчай захирлыг авч явах гэж байна гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан юм. Биднийг 16 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд очиход 70 гаруй иргэн, нисэх буудлын гадаад руу зорчин явагсдын танхимын гаднах талбайд эгнэн зогсоцгоосон байв. Тэдгээр хүмүүс Монгол, Туркийн хамтарсан сургуулийн Эрдэнэт, Дархан-Уул, Улаанбаатар дахь салбар сургуулийн үе үеийн төгсөгчид, “Улаанбаатар Эмпати” сургуулийн багш, ажилтан, сурагчид аж. Жагсагчид “Биднийг захирлыг сулла”, “Хүний эрх зөрчигдөж байна. Анхаар!!!”, “Хүний эрх хаана байна?” зэрэг үгсийг бичсэн лоозон барин зогсоцгоож байв. Тэнд жагсаж буй Монгол, Туркийн хамтарсан сургуулийн Дархан-Уул салбарын 12 дугаар ангийн сурагчид ирсэн байв. Тэд “Өнөөдөр өглөө Вейсел Акчай захирлыг гэрийнх нь гаднаас хулгайлж, одоо тэнд зогсож буй жижиг онгоцоор тээвэрлэж явах гэж байна гэсэн мэдээллийн дагуу бид энд ирлээ. Биднийг хэн нэгэн хүн зохион байгуулж цуглуулаагүй. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буйтай хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ илэрхийлэхээр ирсэн” гэв.

Мөн тус сургуулийн 2006 оны төгсөлтийг охид, залуус ирсэн байлаа. Тус төгсөлтийг төлөөлж Б.Дэлгэрням  хэлсэн үгэндээ “Манай Вейсэл Акчай захирал үнэхээр мундаг багш хүн. Багш маань 24 жилийн өмнө ирсэн анхны багш нар нэг гэсэн. Биднийг сургаж хүмүүжүүлэхийн төлөө амьдралаа зориулж яваа маш их сэтгэл зүтгэлтэй хүн учраас бид энд цуглацгаасан. Нэг жишээ хэлэхэд л манай захирал бүх төгсөгчдийнхөө нэрийг овог нэрээр нь мэддэг. Хаана ч тааралдсан таньдаг. Намайг сургуулиа төгсөөд БНСУ руу сурахаар явсны дараа БНСУ-д очин эргэж байсан. Монголоос сүү, өрөм авч очоод эргэж байсан тийм их сэтгэлтэй хүн. Мөн БНХАУ-д суралцаж байгаа хүүхдүүдээ ч эргэсэн гэж дуулдаж байсан. Манай сургуулийн бүх төгсөгчид сургуультайгаа эргэх холбоотой байдаг. Манай ангийн зарим хүүхдүүд өчигдөрхөн хүртэл захиралтай утсаар ярьсан гэсэн. Гэвч өнөөдөр ингээд хууль бусаар баривчлагдаж байгаад харамсалтай байна” гэв.

 Монгол, Туркийн хамтарсан сургууль анх номлогч Фетхуллах Гюллений сангаар дамжин 1994 онд Монгол улсад байгуулагдаж байжээ. Уг сургуулийг өнгөрсөн 24 жилийн хугацаанд 5400 гаруй сурагч төгссөн бөгөөд өдгөө 1200 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Монгол, Туркийн хамтарсан сургуулийг төгссөн сурагчид англи, турк хэлийг өндөр төвшинд эзэмшээд зогсохгүй, монгол улсын бүхий л салбарт манлайлан ажиллаж байгаа аж. Гэвч тус сургуулийг үүсгэн байгуулалцсан Фетхуллах Гюлленийг төрийн эргэлт хийхээр санаархсан хэмээн БНТУ-ын Ерөнхийлөгч Эрдагон буруутгаж, тэр хүний байгуулсан бүх сургуулийг элдвээр хавчих шахах ажлыг хийсээр байгаа юм. Мөн монгол, Туркийн хамтарсан сургууль алан хядах ажиллагааг сурган номлодог хэмээн БНТУ-ын элчин сайдын яамнаас ярилцлага мэдээлэл өгч байсан юм.

Тус сургууль шашны харгис номлолыг заадаг гэх мэдээлэл үндэслэлтэй эсэхийг Монгол, Туркийн хамтарсан сургуулийн монголын талыг хариуцсан захирал Б.Ганбатаас тодруулахад “Вейсел Акчай захирал 24 жилийн турш зөвхөн боловсролын салбарт ажилласан. Энэ хүний зааж сургаж хүмүүжүүлсэн сурагчид өнөөдөр Монгол улсын бүхий л салбарт тэргүүлэн ажиллаж байна. Би энэ хүнтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Турк улсад болсон гэх төрийн эргэлттэй холбоотой нэг ч зүйл ажиглагдаж байгаагүй. Би энэ сургуульд ажилладгийн хувьд шашны харгис номлолыг хэзээ ч байлгахгүй. Тийм зүйл байх ч боломжгүй. Хэвлэл мэдээллийнхэн та нар нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой. Монгол улсад хэзээ ч терроризм алан хядах ажиллагаа болж байгаагүй. Цаашид ч болохгүй. Тиймээс ийм муухай зүйлтэй холбоотой гэдэг ташаа мэдээллийг битгий нэвтрүүлээрэй гэж хүсье” гэсэн юм.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн олон хүний дунд УИХ-ын гишүүн асан, БХБЯ-ны сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ ирсэн байв. Тэрбээр Монгол туркийн хамтарсан сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг гэв. З.Баянсэлэнгэ “миний харж байгаагаар энэ бол Монгол улсад хууль ёсоор ажиллаж амьдарч байгаа хүнийг баривчилсан асуудал төдий зүйл биш. Харин Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдсан хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байгаа. Миний охин энэ сургуульд сурдаг. Сургалтын чанар, багш нарынх нь чанар харилцаа хандлага үнэхээр сайн. Мөн хүүхдүүдээ сургах хөгжүүлэх чиглэлээр гадаад дотоодын шилдэг сургуулиудад өөрийнхөө хүчээр дэвшин суралцах боломжийг өндөр төвшинд хангадаг  цөөхөн сургуулиудын нэг.

Өнгөрсөн жилээс эхлэн энэ сургуулийг хаах, зогсоох, үйл ажиллагааг харлуулах, эд хөрөнгөд нь халдах гэсэн БНТУ-ын элчин сайдын оролдлого хэрээс хэтэрсэн. БНТУ-ын элчин сайдын яамнаас энэ сургуулийг алан хядах үйл ажиллагааг сурталчилдаг хэмээн мэдэгдсэн нь энэ сургуульд суралцаж буй Монголын хүүхдүүдийг доромжилсон жигшүүртэй үйлдэл байсан. Үүгээрээ тусгаар тогтносон Монгол улсыг доромжилж байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны хууль хүчний байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулах хориотой. Харилцан туслалцах гэрээтэй байлаа гэхэд интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг прокурорын хяналтан дор явуулдаг. Өнөөдөр гэнэт ийм үйл ажиллагаа явуулсан байж боломгүй үйлдэл” гэв.

УЕПГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан прокурор Ц.Өлзийжаргалтай утсаар холбогдож “Монгол Турк Улсын засгийн газар хооронд эрүүгийн хэрэгт харилцаж туслалцах гэрээ байгуулагдсан эсэхийг тодруулахад ”Тийм гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулахгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулах нь хориотой” гэсэн юм.

Нисэх онгоцны буудал дээрх хүмүүсийн тоо 19 цагийн байдлаар 40 гаруй болсон бөгөөд ар гэрийнхэн нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгч байгаа учраас ирж чадаагүй хэмээн жагсагчдын төлөөлөл хэллээ.

Хууль бусаар баривчлагдаад байгаа Вэйсел Акчай захирал 3-18 насны дөрвөн хүүхэдтэй хүн юм байна.