Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Тодруулбал
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэхээр онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ.
Хэргийг эргэн сануулбал, Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Э.Энхбат Өмнөд Солонгост эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй байгаа талаар Э.Энхбат начны дүү хэвлэлд өгсөн тодруулгадаа ярьжээ.