Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ын Гватемал дахь төлөөлөгчийн газрын ажилтан энэ сарын 24-ний орой автобусанд дайруулж нас баржээ.
Талийгаачийг Тада Жюничи гэдэг байсан бөгөөд тэрээр 40 насандаа цаг бусаар хорвоог орхисон аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Антигуа хот дахь ажлын байрнаасаа гэртээ харихаар дугуйтайгаа явж байхдаа араас нь ирсэн шугамын автобусанд мөргүүлж, газар дээрээ нас барсан байна.
Тухайн үед автобусны тоормос ажиллаагүйн зэрэгцээ хэргийн дараа жолооч нь зугтахыг завдсан ч удалгүй баривчлагджээ.