Энэ сарын 03-ны өдөр албан үүргээсээ буугаад Улиастай дахь сэрэмжлүүлэг самбар буулгахаар явж байхдаа өндөр хүчдэлд цохиулж амиа алдсан Э.Мөнхжаргал агсны жирэмсэн эхнэр гэх Ж.Одгэрэл гэгч нь хэвлэл мэдээлэлд хандаж нөхрийнхөө үхлийн шалтгааныг тодорхой болгох, хариуцлага алдсан жолооч нь шатыг доошоо бус дээшээ болгосноос болж амиа алдсан бичлэгийг олон нийтэд түгээж, буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой, мөн талийгаачийн аав ээж нь ОБЕГ-аас 70 сая төгрөг аваад хүүгийнхээ үхлийг нууцалж байна хэмээн суулт зарласан билээ. Тэгвэл өнөөдөр талийгаачийн төрсөн ах, эгч болон тэдний өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, талийгаачийн ах нь хэлэхдээ “Талийгаачийн найз бүсгүй гэх Ж.Одгэрэл гэх эмэгтэйтэй бид өмнө нь уулзаж байгаагүй. Хэрэг явдал гарсан өдөр л уулзсан. Би болон тэр эмэгтэй, нагац ах бид гурав орж талийгаачийн цогцсыг хараад гарч явсан.
Гэтэл тэр эмэгтэй бүх боолтыг нь авч үзсэн, хуйхалсан боодог шиг болсон байсан гэх мэтээр ярьснаас болж өндөр настай аав, ээж маань шоконд орчихоод байна. Бид аав ээжээс хүүгийнх нь цогцсын талаар нуучихсан байсан. Тэр эмэгтэй бидний талаар таагүй мэдээлэл түгээснээс болж бүгд сэтгэл санааны дарамтад байна” хэмээлээ.
Харин талийгаачийн дүү Э.Нандинчимэг “Ж.Одгэрэл гэх эмэгтэйтэй бид хэрэг явдал гардаг өдөр л уулзсан. Талийгаачийн найз бүсгүй юм билээ. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан гэсэн үг. Хэрэг явдал гардаг өдөр бидэнтэй уулзаад 900 мянган төгрөг өгсөн ч түүнийгээ буцааж аваад явсан. Мөн талийгаачийн зулны ард байсан медаль, хувцас, зураг зэргийг нь булааж аваад зугтсан. Аав минь хүүгийнхээ медалийг авч үлдмээр байна, хүүгээрээ бахархаж явмаар байна гэж хэлээд ухаан алдсан. Энэ эмэгтэй яагаад биднийг ингээд байгааг ойлгохгүй байна.
Өмнө нь мөн нөхрөө хүчирхийлэгч байсан, хүүхэд нь зулбасан гэх мэтээр олон нийтийн сүлжээнд таагүй мэдээлэл түгээж байсан хар бараан намтартай юм билээ” хэмээн ярилаа. Мөн талийгаачийн ар гэрийнхний зүгээс ОБЕГ-тай тохирч мөнгө төгрөг авсан асуудал огт байхгүй бөгөөд тийм мэдээлэл өгсөн эмэгтэйг цагдаад өгч буйгаа мэдэгдэв. Энэ асуудлаар мөн ОБЕГ-аас мэдээлэл хийх юм байна.