Оюутолгойн менежментийн багийн гаргасан алдаа, түүнээс Монгол Улсад учирч буй есөн тэрбум ам.долларын хариуцлагыг нэхэж иргэн Ч.Бат-Эрдэнэ, Б.Отгон болон Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны зүгээс Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл өгсөн талаараа өнөөдөр /2021.12.15/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, "Рио Тинто"-гоос томилогдсон Оюутолгойн менежментийг хариуцан ажиллаж байгаа "Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес, Санхүү хариуцсан захирал Пол Муллинс нарыг шалгуулахаар Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргажээ.
Сэтгүүлч Б.Отгон энэ талаар ярихдаа "Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхдээ гаргасан "Рио Тинто"-гийн менежментийн алдаанаас болж, зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, хугацаа хоёр жилээр хойшилсон. Үүнээс болж баялгийн эзэн монголчууд есөн тэрбум ам.доллараар хохироод байна. Гүний уурхайд гаргасан энэ алдаагаа "Рио Тинто" Монголчуудаас нуусан. 2021 оны гуравдугаар сард "Оюутолгой" ХХК-ийн 66 хувийг эзэмшигч "Туркойз Хилл" компанийн 49 хувийг эзэмшигчдийн зүгээс АНУ-ын Нью-Иоркийн шүүхэд хандахад л монголчууд мэдсэн. Тэд Оюутолгойн гүний уурхайг мэргэжлийн бус баг, чанаргүй ган материалаар барьснаас буцааж нураан дахиад барьсан нь зардал нэмж, тэднийг хохироосон гэж шүүхэд өгсөн .
Гэвч "Рио Тинто" компаний Зэсийн группын захирал Б.Болд энэ асуудлыг “геотехникийн нөхцөл”-өөс болсон хэмээн мэдээлж байлаа. Харин 2021 оны наймдугаар сард Засгийн газрын хүсэлтээр байгуулагдсан Олон улсын хөндлөнгийн шинжээчдийн баг “менежментийн алдаа”-аас энэ асуудал үүссэн гэдгийг дахин баталсан. Уг дүгнэлтээр Оюутолгойн менежментийн алдаанаас болж зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтэрч, хугацаа 22 сараар хойшилсон болохыг тодотгосон юм. "Оюутолгой" ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд 1.9 тэрбум ам долларын “гарз” гарсан гэж мэдээлсэн нь үндсэндээ далд уурхай барихдаа гаргасан илүү зардал буюу бариад буцааж нураан хог болсон материал, ажлын зардал юм. Оюутолгойгоос өнгөрсөн хугацаанд 10 гаруй тэрбум ам долларын баялаг экспортод гарсан боловч баялгийн эзэн монголчуудад эндээс юу ч хүртээгүй. Харин өнгөрсөн хугацаанд Оюутолгой компани 4.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна. Оюутолгойн менежментийн багийн гаргасан алдаа, түүнээс Монгол Улсад учирч буй 9 тэрбум ам долларын хариуцлагыг нэхэж байна" хэмээлээ.