ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-22

Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан Олимпын аварга Н.Түвшинбаярыг өчигдөр цагдан хориод байгаа билээ. Тодруулбал, хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч, прокуророос шүүхэд хүргүүлсэн саналын дагуу Н.Түвшинбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, ийнхүү цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан байна.

Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан маргааш товлогджээ. Хэргийг эргэн сануулбал, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаяр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багын найз, Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-нд гарсан юм.

БНСУ-д эмчилгээ хийлгэсэн Э.Энхбат начин эх орондоо буцаж ирэн, “Сонгдо” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасант эмчлүүлж байгаа бөгөөд түүний эхнэр Б.Нандинцэцэг өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Яагаад заавал ганцхан тархийг нь гэж. Гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр, бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож, ханийг минь яргалсан хүн араатан гэж байх юм аа” хэмээн бичжээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.