Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Омикрон хувилбар дэлхий 90 гаруй улс оронд тархаж, халдвар нэмэгдэж байгаатай холбоотой гадаад улсаас ирж байгаа бүх иргэнийг гурав хоног тусгаарлах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Өнөөдрийн байдлаар 90 гаруй улс оронд омикрон хувилбар эрчимтэй тархлаа. “Омикрон” хувилбар нь бусад хувилбарыг бодвол гурав дахин халдварлах чадвар өндөртэй юм байна.
Тиймээс Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр УОК-д чиглэл өглөө. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу гадаад улсаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлана. Өмнө нь нэр бүхий 11 улсаас ирж байгаа иргэдийг 10 хоног тусгай байранд тусгаарлаж, бусад улсаас ирж буй иргэдийг 10 хоног гэрийн хяналтад тусгаарлаж байсан.
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-ноос хойш гадаадаас ирсэн иргэдээс 180 эерэг тохиолдол илрээд байна. Иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ч шинжилгээнд хамрагдах нь 30 хувьтай байгаа. Ерөнхий сайд "Төрийн золголт"-ыг хийхгүй байхаар болсон байна. Мөн айл өрх иргэдийг цомхон хүрээнд тэмдэглэх буюу өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг зөвлөж, зөвлөмжийг боловсруулахыг УОК-д даалгалаа. ДЭМБ-аас баяр ёслолыг цомхон тэмдэглэх зөвлөмж өгч байгаа. Өнөөдөр юм уу маргааш УОК энэ асуудлаар хуралдаж иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх” гэлээ.