УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дөнгөж сая Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаас гаргасан чиглэлийн хүрээнд УОК-оос тогтоол боловсруулсан талаар мэдээлэл өгсөн юм. Өнөөдрийн хуралдаанд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгсайхан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар оролцов.
Т.Баярхүү хэлэхдээ “Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр ДЭМБ-аас бүртгэсэн “Ковид-19”-ын омикрон хувилбар нийтдээ 100 гаруй улс оронд бүртгэгдээд байна. Үүнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 27-ны өдөр УОК-ын шийдвэрийн дагуу хилийн чанадаас ирж байгаа 5600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулж нэвтрүүлсэн байна. Үүнээс 180 зөөвөрлөгдсөн тохиолдлыг хилийн хяналтын бүс дээр илрүүллээ. Ирсний дараа иргэд 10 хоног гэрийн тусгаарлалтад байж байгаад дөрөв дэх хоног дээрээ шинжилгээ өгөх ёстой.
Үүнээс бас 40 гаруй тохиолдол илэрч, нийтдээ 200 гаруй тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж байна. Өнөөдрөөс эхлэн хилийн чанадаас ирж байгаа бүх зорчигчдыг өөрсдийнх нь зардлаар гурав хоног зочид буудалд тусгаарлахаар боллоо. Хилийн чанадаас баталгаажсан ПСР шинжилгээтэй ирж байгаа. Мөн хилийн хяналтын бүс дээр аваад, 72 цаг тусгаарласны дараа дахин шинжилгээ авах юм. Шинэ он гараад ханиад томууны идэвхтэй дэгдэлт явагддаг.
Нэмээд омикрон хувилбар дэгдвэл эмнэлэг ачааллаа дийлэхээ больж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар 103 улсад бүртгэгдсэн гэдэг нь омикрон манай улсад тархах нь цаг хугацааны асуудал болжээ гэсэн үг. Тиймээс эрсдэлийг аль болох хохирол багатай даван туулах нь зөв юм” гэлээ.