ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Баярхүү: Иргэдийг тусгаарлах явцад зохион байгуулалтын алдаа гарсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-27

УОК-ын шийдвэрээр гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлах шийдвэр гарч, нэр бүхий зочид буудлуудад тусгаарлах байр бэлтгэсэн билээ. Гэвч УОК-той гэрээ байгуулж, иргэдийг өөрсдийнх нь зардлаар тусгаарлах ёстой зочид буудлууд бэлэн байдлаа хангаагүй гадаадаас ирсэн иргэдийг коридорт олон цагаар бөөнөөр нь зогсоох, өрөө нь ариун цэврийн шаардлага хангаагүй, цустай гудас, бохирдсон цагаан хэрэглэл өгч байгаа талаар иргэд сошиал орчинд мэдээлэл оруулсан. Тэгвэл энэ асуудлыг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа.

Тэрбээр, “Гадаадаас ирэх иргэдийг гурав хоног тусгаарлаж, давтан шинжилгээнд хамруулахтай холбогдуулан УОК нь зочид буудлуудтай хамтарч ажиллаж байгаа. Гэвч иргэдийг тусгаарлах явцад зохион байгуулалтын алдаа гарч, иргэдийг чирэгдүүлснийг засаж залруулахаар ажиллаж байна. Тодорхой шалгалтууд хийгдэж байна. Зохион байгуулалтын явцад алдаа гаргасан. Өчигдрийн тохиолдлыг би ярьж байна. Өчигдөр удаан хугацаагаар хүлээлгэсэн юм билээ. Нэг зүйлийг иргэд ойлгох ёстой байх. Тусгаарлалтын үйл ажиллагааг иргэдийг чирэгдүүлэх зорилгоор хийж байгаа юм биш.

Гол нь гаднаас зөөвөрлөгдөн ирж буй тохиолдлыг хянахаас өөр аргагүй. Бидний хийж буй энэ шийдвэрийн хүрээнд 300 гаруй гаднаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлыг илрүүлсэн. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал гээд явна. Өндөр давалгаа үүсгэхээс сэргийлэх, омикрон хувилбарыг оруулж ирэхгүй байхын тулд ажиллаж байна. Бид 19 зочид буудалтай хамтарч ажиллаж байсан ч зарим зочид буудалтай хамтарч ажиллахгүй гэсэн жижиг өөрчлөлт орсон” гэлээ.

Улаанбаатар хот орчимд 300 гаруй зочид буудал байдаг бөгөөд тусгаарлалтын шаардлага хангасан 30 орчим буудал байгаа аж. Өмнөх татан авалтын явцад 27-28 буудалтай ажиллаж байсан бол өнөөдрийн байдлаар 16 буудалд 730 хүнийг тусгаарлаад  байгаа гэлээ. Зочид буудлууд сайн дурын үндсэн дээр тодорхой шалгуур тавиад ажиллаад явж байна гэдгийг тодотголоо. Мөн ковидын хариу нь эерэг гарсан энхийг сахиулагчид омикрон хувилбараар өвдсөн эсэхийг тодорхойлох хувилбарын шинжилгээний хариу гараагүй байгааг мөн дуулгав.