Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн зарим онцлог зүйл заалтын талаар Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн Ахлах шинжээч Ш.Маяа сэтгүүлдэд мэдээлэл өглөө.
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох зүйл заалтын талаар мэдээлэл өгч болох уу?
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр батлагдаад нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ. Албан болон албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүхэнд энэ хууль хүрч үйлчилнэ. Одоо мөрдөж буй хууль хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг зохицуулдаг. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх асуудлыг мөн шуурхай, хурдан хугацаанд бага зардлаар шийдвэрлэх асуудлыг тусгаж өгсөн. Шүүхийн өмнөх шатанд аж ахуйн нэгж байгууллага дотроо шийдвэрлэдэг эсвэл сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулдаг гурван талт хороогоор асуудлыг шийдвэрлэнэ. Мөн хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор суурь эрхийг нэлээд хангасан. Тухайлбал, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт хүчирхийлэл, эвлэлдэн нэгдэх, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг зохицуулна. Нөгөөтээгүүр, хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхгүй буюу анх ажилд орж ирсэн, ажил хийх явцад бичиг баримт, эд зүйл барьцаалахгүй гэж тусгалаа
-Иргэний үнэмлэх бусад бичиг баримтыг нь ажилд ороход нь хурааж авдаг. Дараа нь өгөхгүй байх, дарамт үзүүлэх зэрэг асуудал гардаг. Энэ тохиолдолд хаана хандах вэ?
-Ажилтан мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно. Хүний бичиг баримт бол өөрийнх нь хувийн өмч байдаг. Иргэний үнэмлэх, мэргэжлийн диплом барьцаалах нь сайн соёл биш. Бичиг баримт барьцаалахыг шаардсан бол Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж бас болно. Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох асуудлыг Хуульзүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байгаа. Зөрчлийн тухай хуульд удахгүй нэмэлт өөрчлөлт ороод явах байх аа.
-Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг хуульчилж өгсөн нь талархууштай байна. Ер нь юуг бэлгийн дарамт гэж ойлгох вэ.
-Хөдөлмөрийн тухай хуулийн долдугаар зүйл дээр бэлгийн дарамтаас гадна дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт гэж тодотгосон. Өөрийнх нь хүсэл сонирхлын эсрэг ямар нэг байдлаар зодож цохих, дарамтлах, хэл амаар доромжлох, нэр төр алдар хүндэд нь халдах зэрэг асуудлыг ажлын байрны дарамт, хүчирхийлэл гэж үзнэ.
Ажлын байрны бэлгийн дарамт нь хүсээгүй байхад биеэр, ам хэлээр болон цахим харилцаагаар дарамт үзүүлэхийг хэлнэ. Гадаадад томилолтоор явж байх, спорт, урлагийн арга хэмжээ, аялал зугаалгын үед ч гэсэн бэлгийн дарамт үзүүлж болохгүй ээ гэж хориглосон.
Эхлээд Зөрчлийн хуульд энэ талаар тусгана. Урьдчилан сэргийлэх үүднээс байгууллага өөрөө дотооддоо дүрэм журмаараа зохицуулж болно. Өөрөөр хэлбэл, үйлдэл хийхийг завдсан бол Зөрчлийн хуулиар, хүндэрсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээх зарчмыг тусгасан. Гэмт хэрэгт тооцох эсэхийг Их хурал шийдэх байх аа.
-0-3 хүртэлх хүүхэдтэй аав ээжийн асуудлыг хуульд хэрхэн зохицуулав?
-Шинээр эцэг болсон аавд ажлын 10 өдрийн цалинтай чөлөө олгоно. 10-аас доошгүй гэснийг байгууллага дотооддоо дээшлүүлж тогтоож болно. Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан гэж зохицуулсан. Зөвхөн эх гэж зохицуулаагүй. Гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх аль нь хүссэн бол хүүхэд асрагч аваад ажилдаа орж болно. Зөвхөн эх хүн хүүхэд хардаг юм биш.
-Шинэчилсэн найруулгад ажил олгогчийн эрхийг хэтэрхий орхигдуулсан. Ажилтны эрх хэт давамгай байна гэх асуудал хэлэлцүүлгийн явцад гарч байсан. Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Хөдөлмөрийн хуульгүй байх юм бол хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч өөрөө давуу эрхтэй байдаг. Өмчийн эзэн, захирах, захирагдах хууль үйлчилж буй учраас. Тиймээс л дэлхийд Хөдөлмөрийн тухай хууль батлагдаж ажилтан, ажил олгогч хоёрын харилцааг зохицуулдаг болсон. Ажилтан ажил олгогчийн өмнө ямар үүрэг хүлээх, ажил олгогч ажилтныхаа өмнө ямар үүрэг хүлээхийг зүй зохистой хангасан.
-Уул уурхайн ажилтнуудын хөдөлмөрийн эрхийн талаар шинэчилсэн хуульд тусгасан уу?
-Ээлжийн асуудлыг тусгасан. Гэрээсээ алслагдмал ажиллаж байгаа хүмүүс ажлын 14 хоног ажиллаж, 14 хоног амарна гэсэн зохицуулалт оруулж өгсөн. Төрийн албаны хуулиар төрийн албан хаагчдын асуудлыг зохицуулдаг. Төрийн албаны хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаад явдаг. Хувийн хэвшилд энэ хууль албан болон албан бус салбарт байхаас үл хамааран тэгш үйлчилнэ гэж ойлгох нь зөв юм.
-Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн иргэн эхлээд байгууллага дотроо асуудлаа мэдэгдэх ёстой гэхээр наалдахгүй байна. Байгууллага үнэхээр дотооддоо энэ асуудлыг шийдэж чадах уу. Хамгийн том удирдлага даргаас ийм дарамт ирвэл доод албан тушаалтан нь шийдвэрлэж чадах уу?
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын долоо, зургадугаар зүйлд хаана хандаж асуудлыг шийдүүлэх вэ гэдгийг нэр дурдаж заасан. ХЭҮК, Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагга, Үйлдвэрчний эвлэл, Мэргэжлийн хяналт зэрэгт хандаж болно. Өөрсдийн сонгосон байгууллагад хандаж эрхээ хамгаалуулж болно.
Ажилтан хаана хэнд хандах ёстой вэ гэдгийг ажил олгогч тухайн байгууллагын ямар ч ажилтан олж харахуйц газар хаяг, нэр утсыг байршуулах үүрэг хүлээнэ. Мэдээллийн нууцыг хангах асуудлыг ч мөн оруулж өглөө. Ажилтан ямар нэг байдлаар бэлгийн дарамтад учирсан бол урьдчилан сэргийлэх, зөрчлийн хуулиар хариуцлага тооцох асуудлыг ажил олгогч дотооддоо шийдэж болно. Сахилга хариуцлагын арга хэмжээ авч болно.
Цахим хэлбэрээр үйлдсэн байсан ч хариуцлага яригдана. Мөн ажилтан авахдаа ч ямар нэг байдлаар ажлын байран дээр ийм төрлийн дарамт үйлдэхгүй шүү гэдгийг бичгээр үйлдэх асуудал ч яригдаж болно. Мөн хувь хүний нууцыг хамгаалах асуудлыг тусгасан. Хувийн мэдээллийг хамгаалах, бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн ажилтны мэдээллийг нууцлах зэрэг асуудлыг мөн хуульд оруулж өгсөн.