ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Наадмаар хөлжсөн П.Дэнсмаа, З.Нямзул нарын ТББ сонгон шалгаруулалтад ордоггүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-04

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цар тахлын үед хяналтгүй зарцуулсан төсвийн зарим асуудлыг хөндөв.

Тодруулбал, цар тахлын үед нийтдээ 1059 урлаг соёлын арга хэмжээнд хөрөнгө гаргаж, зохион байгуулсан бөгөөд НЗДТГ-аас гэхэд л “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-ын данс руу “Наадам зохион байгуулах” нэрийдлээр 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудлыг хөндлөө. Гэтэл өнгөрсөн жилийн тухайд наадам зохион байгуулагдаагүй, цахимаар болсон билээ. Энэ асуудлыг өмнө нь хэвлэл мэдээллээр хангалттай бичиж байсан. Тухайлбал, эхний удаад тус ТББ-ын данс руу Хотын захиргаа 1.6 тэрбумыг шилжүүлсэн баримтыг сэтгүүлчид ил гарган хөндөж байсан бол увуулж цувуулан шилжүүлсээр 4.5 тэрбум төгрөгийг зөвхөн 2021 онд шилжүүлсэн гэдэг нь тодорхой боллоо. Тэднийг ямар нэг байдлаар сонгон шалгаруулалтад оролцуулсан, тендерт шалгарсан гэх баримт олдсонгүй. 

“Шинэ үеийн залуус” ТББ нь 2016 онд үүсгэн байгуулагдсан П.Дэнсмаа, З.Нямзул гэх иргэдийн нэр дээр байдаг бөгөөд 2019 оноос эхлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хөрөнгөжиж байжээ. Тухайлбал, 2019 онд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос тус компани руу мөн 450 гаруй сая төгрөгийг мөн шилжүүлж байсан бол Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ч мөн 800 гаруй сая төгрөгийг "Наадам найт" арга хэмжээг зохион байгуулахын тулд тус байгууллагын данс руу шилжүүлж байжээ. 

2019 онд тус төрийн бус байгууллага мөн “Эрдэнэт” үйлдвэрээс 300 сая төгрөгийг баяр наадам зохион байгуулж өгнө гэсэн утгатай шилжүүлэн авч байсныг мөн хэвлэл мэдээллүүд хөндөж байжээ. Тус ТББ нь анхлан байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр байгуулагдаж байсан бол эцэстээ баяр наадам зохион байгуулах чиглэлд үйл ажиллагаагаа төгсрүүлж, төрийн болон улсын өмчит үйлдвэрүүдэд баяр наадам зохион байгуулж өгч мөнгө “саах” болсон байна. Эдгээр хоёр эмэгтэйн талаар бидэнд ямар ч мэдээлэл олдсонгүй. Тэд өөрсдийн хөтөлж байсан фэйсбүүк хуудсаа ч мөн хаажээ.