ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэн Ч.Пүрэвсүрэн: Казахстаны засаг төрийг унагах том алан хядах дээрмийн ажиллагаа явагдаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-06

Казахстанд Засгийн газрынхаа гаргасан шингэрүүлсэн нефтийн хийн үнийг чөлөөлсөн нэрийдлээр үнэ хөөрөгдсөн асуудлыг эсэргүүцсэн хэсэг бүлэг залуусын тэмцэл эцэстээ төрийн эргэлтийн хэмжээнд хүрээд байгаа аж. Тус улсын Алма-Ата хот хамгийн их өртсөн бөгөөд телевизийн байр, олон арван оффис, дэлгүүр, склад, алтны болон зэвсгийн дэлгүүрүүд галт өртөж, Казахстан улс тэр чигээрээ шатаж байна.

Тус улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч жагсагчдын сэтгэл ханаагүй бөгөөд зохион байгуулалттай дээрмийн бүлэглэл жагсаалыг урам хурцатгаж, цэрэг цагдаагийн олон арван хүн алагдаж, 300 гаруй хүн хүнд шархдаад байгаа аж. Тэгвэл тус улсад байх манай улсын Элчин сайдын яамнаас монгол иргэдийг гадуур явахгүй байхыг сануулж мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Казахстан Улсын зарим хотуудад өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна" хэмээжээ.

Мөн тэнд амьдардаг иргэн өөрийн фэйсбүүк хуудсандаа “Казахстанд аймшигтай үйл явдал өрнөж байна даа. Гадаадын(барууны) тусгай албадын төлөвлөж, олон улсын террористуудын лагерьт бэлтгэгдсэн хөлсний дээрэмчид зохион байгуулсан Казахстаны засаг төрийг унагах том алан хядах дээрмийн ажиллагаа явагдаж байна. Маш удаан нарийн бэлтгэж нэгэн зэрэг эндэхийн том хотуудад төрийн байгууллага руу дайрч галдан шатааж, тонон дээрэмдэж байна. Алма-Ата хот хамгийн их өртлөө. Одоо энд том офисууд, хэдэн зуун машин шатаж байна. Бүх том худалдааны төвүүд, дэлгүүр, склад, алтны болон зэвсгийн дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж шатааж байна.

Яг хотын төвд байдаг, миний дөрвөн салбарын нэг нь лав халдлагад өртсөн байна, сүүлийн мэдээгээр. Бусад микро районд байдаг салбарууд маань гайгүй өнгөрч байгаа юм болов уу гээд залбирч сууна. Алма-Ата хотын олон улсын нисэх буудлыг эзэлж нисэх гэж байсан таван онгоцыг дээрэмдэн тоножээ.

Цэрэг, цагдаа нараас нилээд хэдэн хүн алагдаж, 320 гаруй шархаджээ одоогийн байдлаар. Байдал хяналтаас гарч Казахстаны Ерөнхийлөгч Аюулгүй Байдлын Хамтын Нийгэмлэгийн орнуудаас энэ олон улсын террористуудын халдлагыг няцаахад туслаач гэж хүсэлтээ явууллаа. Маргаашнаас Оросын болон бусад орнуудын цэргийн хүчин гэрээ ёсоороо орж ирэхээр боллоо.

Анх газ хийн жижиглэнгийн үнэ өссөн гэсэн шалтагаар нэг жижиг хотод цуглаан болж үймэхэд нь засаг тэр дор нь захирамж гаргаж үнийг буулгаж асуудлыг шийдсэн боловч, Казахстаны бусад хотуудад ямарч шалтгаангүйгээр дээрэмчид залуусыг хатган цуглуулж дээрэм тонуул хийж шатааж, зэвсэг барин алан хядаж байна. Бүх интернетийг хаасан байсан тул дөнгөж сая түр зуур орж ирэхээр нь бичиж байна. Одоо ингээд таслах биз… Маргааш хотод шийдвэрлэх том тулаан болно. Бүх юм хаалттай гэр гэртээ нуугдацгааж байна. Цонх руугаа ч ойртож болохгуй шүү гэж мэдэгдэж байна….

Казахстаны бүх нутаг даяаар 14 хоногийн Байлдааны Онц байдал зарлаж, хөл хорилоо. За нутгийн минь хөх тэнгэр, Дорнодын минь Хан уул маань намайгаа харж хандаж байгаа гэж найдая, дараа энх мэнд уулзацгаая” хэмээжээ.