ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Уртнасан: Томуу, томуу төст өвчний 4-5 вирус манайд орж ирсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-06

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "КОВИД-19-ийн халдвартай зэрэгцээд томуугийн дэгдэлт үүсэх эрсдэл бий болж байгаа. КОВИД-19 халдвараар 19-өөс дээш насныхан өвддөг бол томуугаар тав хүртэлх насныхан ихэвчлэн өвддөг. Тиймээс энэ байдал давхардвал эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй. Хэрвээ зэрэгцэж гарсан тохиолдолд бага насныханд бид илүү анхаарна. Цар тахал гарсантай холбоотойгоор энэ жил эмнэлэгт хэвтэгсдийн насны бүлэгт өөрчлөлт орсон.

Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн 47 хувийг томуу, томуу төст өвчин, амьсгалын замын хүнд халдварын шалтгаант өвчин эзэлж байгаа. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн 58 хувьд амьсгалын замын халдварын шалтгаант өвчнөөр өвчлөгсөд эзэлж байна. Эмнэлэгт томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлэгчдийн 61 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа.

Сүүлийн хоёр жилийг бодвол томуу, томуу төст өвчний 4-5 вирус манайд орж ирсэн. Үүнтэй холбоотой өвчлөл нэмэгдэх, дэгдэлтийн хэмжээнд хүрэх эрсдэлийг үүсгээд байгаа юм. Ерөнхийдөө коронавирусийн цар тахалтай зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт үүсэх эрсдэл бий болж байна. Монгол Улсад томуугийн А хүрээний H3N2 вирус бүртгэгдсэн бөгөөд томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Шинж тэмдэг нь толгой өвдөх, хоолой өвдөх, гэдэсний халдвараар илэрдэг. Нэн шаардлагатай биш бол олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, маскаа зөв зүүх, гаднаас орж ирээд гараа угаах ёстой. Мөн бага насны хүүхдийг гадуур авч явахаас зайлсхийх хэрэгтэй" гэв.