Өмнөд Африкийн бүгд найрамдах улс /ӨАБНУ/-д анх өнгөрөгч оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн коронавирусийн шинэ мутаци буюу “омикрон” хувилбар дэлхийн 200 гаруй улс оронд тархаад байна. Халдварлах чадвар нь бусад мутациудыг бодвол илүү хурдан учраас дэлхийн улс орнуудыг сандаргасан ч тус хувилбараар өвдсөн иргэн хүндрэл өгөх, нас барах нь бага байгаа юм.
Өнөөдрийн байдлаар омикрон хувилбараар нас барсан тохиолдол дэлхийн 200 гаруй улс оронд ердөө 100 гаруйхан байгаа учраас вирус мутацид орох тусмаа хоруу чанар нь алга болж байна гэсэн Японы эрдэмтдийн анхны гаргасан дүгнэлт үнэн болохыг батлав.
Угтаа коронагийн шинэ мутациуд үүсэх тусмаа хоруу чанар багасч, аажмаар хамрын ханиад шахуу болж хүч нь суларна гэсэн таамаг үнэн болохыг Их Британийн Эрүүлийг хамгаалах газраас хийсэн судалгаа харуулжээ. Энэхүү судалгаа үнэн гэдгийг ч омикрон хувилбар анх бүртгэгдсэн ӨАБНУ, Дани, Шотландын эрдэмтдийн судалгаа давхар нотлон харуулж байгаа юм. Тэгвэл дэлхийн улс орнууд яагаад сандарч тэвдэн хилээ хааж, хөл хорио тогтоож байна вэ хэмээн уншигч та асуух байх.
Асуудлын гол нь уг хувилбарын халдварлах чадвар маш хурдан учраас хоногт нэг сая хүн ч өвчлөх магадлалтайг эрдэмтэд хэлж буй. АНУ-д гэхэд л нэг хоногийн дотор 1 сая гаруй иргэн омикрон хувилбараар өвчилсөн байна билээ. Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал нэмэгдэнэ. Хоёр жил гаруйн хугацаанд цар тахалтай тулалдсан улс орнуудын эрүүл мэндийн салбар туйлдаа хүрчхээд сульдаж, улдаж байгаа нь худлаа биш. Үүн дээр нэмэгдээд омикрон хувилбараар өдөрт хэдэн зуугаараа хөнгөн өвчилсөн байлаа ч эмнэлгийн салбар дахиад л ачааллаа даахаа болих учраас шинэ, хуучин бүх л хувилбараас дэлхий нийт айж, хамгаалсаар байгаа юм.
Монгол Улс ч яг энэ зарчмаар эмнэлгийн хүрэлцээ хангамж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа ачааллыг хөнгөлөх үүднээс хил гаалиа хянаж, гадаадад аялаж, амарч, ажлаар яваад ирсэн иргэдээ 72 цаг хяналтад байлгаж байна. Хоёр хүн зөрж өнгөрөх төдийд л халдварлах хурдтай омикрон Монгол Улсад бүртгэгдэх эсэх нь ердөө л цаг хугацааны асуудал байлаа. Гагцхүү бид хэтэрхий сүржигнэж, хөл хорио тогтоож, шуурхай мэдээ хэмээн уралдаж мэдээлэхээс илүү гадуур явж буй хөл хөдөлгөөнөө хязгаарлаж, хүн хоорондын зайгаа барьж, маскаа зүүж, вакциндаа хуваарийн дагуу хамрагдаж гэмээнэ айж, сандарч, аюулын харанга дэлдэж гүйх асуудал огтоос биш юм.
Ерөөс шинжлэх ухааны үндэстэй мэдээлэлд бус хэт хөөсөрч, хэтэрхий дөвийлгөж мэдээлдэг байдлаас үүдэн омикрон гэх шинэ “хадны мангас” бий болсон мэтээр олон нийтэд ойлгуулсан нь сэтгүүлчдийн алдаа.
Дэлхийн улс орнууд юу гэж мэдээлж буй, эрдэмтэд ямар таамаг дэвшүүлж, судалгаа шинжилгээ гаргасныг бус хэн хаанаас хэзээ олж ирэх нь вэ хэмээн отож суусан нь нийгэмд айдас нэмсэн үү гэхээс тус лавтай болсонгүй. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ч “Омикрон орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан, айж сандарч хөл хорио тогтоох шалтгаан биш. Ердөө л вакциндаа хамрагдаж, дархлаагаа дэмжиж, хүн хоорондын зайгаа барь” хэмээн зөвлөв. Харин бид хэнэггүй хайнга байдлаасаа болж шинэ жилийн өдрүүдэд хэдэн зуугаараа баяр тэмдэглэж, гадаад руу хэдэн зуугаараа аялаж амарсны гороор ердөө 100 гаруйхан бүртгэгдэж байсан ковид дахин 1000 давах нь тодорхой болов. Тэр хэрээр ч нас баралт бүртгэгдэж эхлэх нь ээ. Золоор омикрон анх дэгдэж байхад вакцин тус болохгүй гэж мэдэгдэж байсан ч тийм зүйл болсонгүй.