МЗЭ-ийн болон оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын дөрвөн удаагийн шагналт зохиолч, СУИС-ийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуяг өнгөрсөн шөнө бурхны орныг зорьжээ.
Монголын утга зохиолын салбарт өөрийн гэсэн орон зайгаа бий болгож, энэ салбарт хэдэн зуун шавь төрүүлж, утга уран зохиолын салбарт зөв мөрөө үлдээсэн эрхэм хүмүүнийг өнөөдөр олон арван шавь нар нь дурсаж байна.
Тэрээр, Улаанбаатар хотод 1975 онд төрсөн. 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистратур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн. 2004 онд "Алтан өд" 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн. Яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, уран зохиолын судлал шүүмжийн төрлөөр нийт 30 гаруй бүтээлтэй. Утга зохиолын “Хүрээ ахан дүүс” бүлгэмийн гишүүн байсан билээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд нь нийт уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.