Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн Н агнахыг хориглосон хулангийн ангийн мах хадгалж байсан үйлдлийг нэгдүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
Хулан нь ХХ зууны дунд үе хүртэл манай орны Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн урд талын цөлөрхөг хээр, зүүн тийш Буйр нуур хүртэлх нутагт тархаж байсан талаар “Улаан ном”-д дурдсан байдаг. Одоо Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн баруун хэсэг, Дундговийн урд хэсэгт л бий ажээ.
Өмнөговь аймгийн иргэн Оюутолгой, Тавантолгойд ажилладаг жолооч нарын кэмп дээр нутгийн “Ланд” унасан малчид төхөөрсөн хулангийн махаа авчирч зардаг нь үнэн. Тэд “Адууны мах” хэмээн зардагийг олонтаа харсан, холбогдох албаныхан анхааралдаа авах хэрэгтэй хэмээж байлаөа.
Хулангийн нийт тархалтын 67 хувь Дорноговь, 20 хувь нь Өмнөговь, 13 хувь нь Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт байна гэж үздэг аж. Харин сүүлийн 2-3 жилд хулангийн нөөц, байршил эрс буурчээ. Бусад бэлчээрийн амьтны нэгэн адил авлуулах, амьдрах орчин алдагдсан зэргээс улбаалан тархац нь ихээхэн хумигдсан байна.
Худалдаж ашиг хонжоо олох зорилгоор хуланг агнах явдал нэмэгдсээр буй юм байна. Хулгайн ан, малтай бэлчээр булаацалддаг зэргээс шалтгаалж Монгол хулангийн тоо толгой буурсаар байгаа аж. Дэлхийн нийт хулангийн сүргийн 60-70 хувь Монголд байдаг бөгөөд хэрвээ манай нутагт энэ амьтан устаж үгүй болвол зэрлэг илжиг буюу хулан дэлхийд байхгүй болох аюултай аж. Байгальдаа унага, даагыг чоно барьж хороодог. Цас ихтэй бэлчээрийн хомсдолтой үед тоо толгой хорогддог.