Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад өнгөрөгч оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн коронавирусийн шинэ мутаци буюу “омикрон” хувилбар Монгол Улсад нэгдүгээр сарын 9-ний өдөр шинжилгээний дүнгээр батлагдаж, гадаадаас зөөвөрлөгдсөн 12 тохиолдлоос гадна дотоодод таван тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд албан ёсоор мэдэгдсэн билээ.
Цаашлаад батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас иргэд хөдөлгөөнөө хязгаарлаж, хүн хоорондын зайгаа барьж, мөн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах ёстойг С.Энхболд сайд онцолсон юм. Тэгвэл хоруу чанар багатай ч халдварлах чадвар өндөртэй омикрон хувилбарын талаар албаны хүмүүс ямар байр суурь илэрхийлснийг тоймлон уншигч танд хүргэе.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн болон дотоодын тохиолдол илэрсэн нь манай улсад дөрөв дэх давлагаа эхэлж байгааг харуулж байна. Эрдэмтэд дөрөв дэх давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргасан. Иргэд та бүхэн айж, сандрах хэрэггүй. Омикрон хувилбар Дельта хувилбартай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй байгаа нь олон улсын судлаачдын гаргасан дүгнэлтээр батлагдсан.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
-Өмнө нь огт вакцин хийлгээгүй ч өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэй. Мөн I тунтай бол 100 хувь, II болон III тун хийлгээд гурван сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь. Түүнчлэн халдвараар өвчилснөөс хойш вакцин хийлгээгүй бол өвчлөх эрсдэл бий. Учир нь тусаад эдгэрсний дараа тогтсон дархлаа Омикрон хувилбар хангалттай хамгаалж чадахгүй. Харин өвчилсний дараа вакцин хийлгэсэн буюу хайбрид дархлаатай болсон иргэд “Омикрон”-ы давлагаанаас маш сайн хамгаалагдаж байгаа.
Дельта давлагааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгаа болохгүй байна. Тиймээс бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ.
Бусад иргэд гэртээ шинж тэмдгийн эмчилгээ хийх зохицуулалт хийнэ. Омикрон хувилбарт халдварын давлагаанд вакцины бүүстер тун өндөр үр дүнтэй байгаа нь дотоод, гадаадын судалгаануудаар нотлогдсон. Тухайлбал, ӨАБНУ-д Омикрон давлагааны үед хүндрэл, нас баралт бага гарсан бөгөөд үүнд вакцин нөлөөлсөн гэж үзэж байна. Дельтай хувилбартай харьцуулахад омикрон хувилбарын эсэд нэвтрэх чадвар эрс нэмэгдсэн ч вакцины бүүстер буюу гурав болон дөрөвдүгээр тунгийн нөлөөгөөр дархлааны эсүүд олширсон учраас богино хугацаанд таньж, халдварлагдсан эсийг устгаж чадаж байна. Мөн эсрэг төрөгчийн хэмжээ нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан:
-Эрдэмтдийн зөвлөл ХӨСҮТ хамтран судалгаа хийсээр байна. Вакцины дархлаа тогтоцын судалгаа гарсан. II тун “Астразенека” хийлгэсэн хүмүүст 4-5 сарын дараа эсрэг биеийн титр 30 болж буурсан байсан бол “Файзер”-аар бүүстер тун хийхэд 570 болж нэмэгдсэн.
Бүүстер тунгаас дөрвөн сарын дараа 70 гаруй болж буурсан байна. II тун “Вероцелл” хийлгэсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн титр таван сарын дараа 30 болж буурсан бол “Файзер”-аар бүүстер тун хийхэд 340 болж нэмэгдсэн. Харин бүүстер тунгаас хойш 4-5 сарын дараа 110 болж буурсан байна. Энэ нь вакцин тодорхой хугацааны дараа үйлчлэл буурч байгааг харуулж байгаа тул бид олон улсын жишгээр Омикроныг эрсдэл багатай давахын тулд IV тунг эхлүүлж байна.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-УОК Омикрон хувилбарын нөхцөл байдалтай танилцаж цаашид хөл хорио тогтоохгүй байх чиглэл өглөө. Халдварын тоо эрс нэмэгдэж байгаа учраас аж ахуйн нэгжийн ажилчид нэгэн зэрэг халдварт өртөх эрсдэлтэй байна. Иймд дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч аль болох зайнаас, ээлжээр ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хүнд үед хамтын хүчээр давж гарах учраас иргэд та бүхэн вакциндаа идэвхитэй хамрагдаж цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж аль болох олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна.
Доктор, профессор Д.Наранбаатар:
-Омикрон гэрлийн хурдаар тархана. Хөнгөн тусах хүмүүс нь 15-80 хувь байна. Насны ангиллаасаа шалтгаална. Гэхдээ маш хурдацтай буюу дельта хувилбараас 200 хувь хурдтай тархах учир олон мянган хүн нэгэн зэрэг халдвар авах магадлалтай. Хүндрэлийн хувь бага байсан ч олон мянган хүн зэрэг өвдчихөөр эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй нуран унаж болзошгүй.
Хүүхдүүд халдвар аваад хүндэрч эхэлнэ. Омикрон бол томуугийн вирүсийн шинж тэмдэгтэй ойролцоо шинж тэмдэгтэй. Тэгэхээр яаж ялгаж шинжлэх вэ, хүүхдүүдээс яаж шинжилгээ авах юм гэдгийг тодорхойлох шаардлагатай. Олон хүнтэй газраар явахгүй байх, ахмад настан, суурь өвчтэй хүмүүсээ дөрөвдүгээр тундаа хамруулах хэрэгтэй. Хүн бүхэн чанар сайтай N95 төрлийн маск зүүнэ, хуучин нимгэн цэнхэр маск хамгаалж чадахгүй. Агаар сэлгэлтээ сайн хийгээрэй. Засгийн газраас 5-11 настнуудаа вакцинд хамруулмаар байна.
Эх сурвалж: mpress.mn
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Нарангэрэл:
-Омикроныг хөнгөн гэж хуумгай бодож болохгүй. Тархалт маш хурдан, халдварлах чадвар өндөр, нууц үе богинохон 2-2,5 өдөр, яг л хүндхэн ханиад хүрсэн юм шиг шинж илэрнэ. Урьд нь Ковид -19 -оор өвдсөн хүн дахин өвдөнө. Бага насны хүүхдэд ларингит өгч хүндрэх эрсдэлтэй.
Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд ер нь хэн хэнгүй л хатгаагаар амархан хүндэрнэ. Одоо бол томуу гэхээсээ илүү Омикрон л байгаа. Амны хаалтаа тогтмол зүүх, ханиаж найтааж байгаа хүнээс хол байх, хүн хоорондын зайгаа сайтар баримтлах, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх, хоорондоо зайнаас харилцах нь их чухал болоод байна. Цагаан сараа өнжвөл яасан юм бэ. Омикроныг улиралын томуутай адилтгаж болохгүй. Зарим дарга нар Англи, АНУ-д хөнгөн гэж үзэж байна , тав хоногт эдгэнэ гэх. Бидний эрүүл мэндийн байдал тэдэнтэй зүйрлэшгүй доогуур. Бараг насанд хүрсэн 3 хүн тутмын нэг нь зүрх, бөөр , элэг, чихрийн шижин гээд л архаг суурь өвчтэй. Омикрон суурь өвчнийг нь бариад л авна, юун тав хоног. Таван жилийн дараа ямар эмгэг илрэхийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй. Ковидын дараах эмгэг гэж гадны судлаачид анхааруулаад л байна. Жаахан хөрсөн дээрээ буугаад зоригтойхон хүний нягтрал, бөөгнөрлөө бууруулмаар байна даа. Ээлжээр, гэрээсээ, цахимаар ажиллах, баар, цэнгээний газрууд богиносгосон цагаар ажиллах гэх мэт. Цагаан сарын бэлэг бэлтгэхийн оронд аарц, чацаргана, хунчираа ахиухан бэлдэе!