Коронавирусийн өвчлөлт, тархалтын нөхцөл байдлын талаар долоо хоногийн нэгдсэн мэдээллийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хийлээ. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэлэхдээ “Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 140 гаруй улсад бүртгэгдээд байна. АНУ, Их Британи, Дани, Итали зэрэг улсуудад томоохон давалгаа үүссэн.
АНУ өдөрт 1.5 сая тохиолдлыг бүртгэж байгаа бол Их Британид 200 мянган тохиолдолд бүртгэгдсэн. ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар нийтдээ 15 сая тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ. Сүүлийн 30 хоногт дэлхийн даяар 357 мянган генийн дараалал тогтоох шинжилгээ хийсэн. Үүний 59 хувьд нь омикрон хувилбар илэрлээ. Монгол Улсад нийт халдварын 70 хувьд омикрон хувилбар илэрч байна. Дельтагийн оргил үед 22 мянган оронд 22 мянган иргэн хэвтсэнээс маш хүнд ангилалд 300 хүн байсан бол омикроны үед 5000 гаруй иргэн хэвтэж байна.
Үүнээс 35 нь маш хүнд ангилалд байгаа. Тэд вакциндаа хамрагдаагүй байсан иргэд. Манай улсын тухайд вакцины бүүстэр тунд хамрагдсан иргэдийн тоо өндөр учраас харьцангуй хөнгөн явж байгаа. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, золголтыг цахимаар хийхийг ЭМЯ-аас нийт иргэдээ зөвлөж байна. Иргэдийн хариуцлагын асуудал цаашдаа яригдана” хэмээлээ.
Харин өрхийн эмнэлгүүд дахин өвдсөн иргэдэд багц олгохгүй байгаа асуудлыг тодруулсан сэтгүүлчийн асуултад “ЭМД-ын сангаас дахиж өвдсөн хүмүүст олгож байгаа. Иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Өрхийн эмнэлгээр дамжуулан олгож байгаа 160 мянган төгрөгийн багцад эмч, ажилчдын ажлын зардал болон бусад зардал багтсан байдаг.
Эмийн багцад нийтдээ 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ удаа омикрон хувилбар хөнгөн хэлбэртэй учир 38 градусаас өндөр халуурсан тохиолдолд халуун бууруулах эм уухын хажуугаар дархлаагаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй. Та хэрвээ эмийн багц авбал эрүүл мэндийн бусад үйлчилгээнд зарцуулагдах мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Тиймээс онцын шаардлагагүй бол заавал эмийн багц авах гээд хэрэггүй. Таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах тэр мөнгө хорогдоно” гэсэн юм.
Мөн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулах эсэх, худалдан авах асуудлаар судалгаа шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд ойрын үед тодорхой болно гэлээ. Мөн 12-16 насны хүүхдүүдийн бүүстэр тунгийн талаар ойрын үед мөн мэдээлэл гаргах юм байна.