ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Улсын хэмжээнд 160 суурин цэгээр, 21 аймаг, есөн дүүргийн 370 гаруй суурин цэгээр вакцинжуулалтыг явуулж байна. Нэгдүгээр тунд 2.2 сая иргэн, хоёрдугаар тунд 2.1 сая иргэн, гуравдугаар тун найман сараас эхэлж одоогийн байдлаар 955 мянган иргэн бүүстэр тундаа хамрагджээ. Дархлаа сэргээх дөрөвдүгээр тунг нэгдүгээр сарын эхнээс зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 20 мянган иргэн хамрагдсан байна. Дөрөвдүгээр тунд хамрагдах иргэдийг гуравдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар өнгөрсөн байх ёстой гэж үзэж байгаа. 18-аас дээш насны хамрагдалт 91 хувьтай байгаа хэдий ч зарим насныхан хувьдаа хүрэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, 18-25 насныхан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахгүй байна. Дархлаа сэргээх гуравдугаар тунг аймаг бүрт хийгээд явж байгаа. Нийт аймгууд 50-иас дээш хувийн хамрагдалтай байгаа” гэв.
Дархлаа сэргээх тунгийн вакцины тухайд иргэд “Вироселл”, “Пфайзер” вакцинаас сонголтоор хийлгэх боломжтой аж. Харин “Спутник”-ийг зарим нэг хувийн эмнэлгүүд дархлаа сэргээх тунгаар хийж байгаа бөгөөд иргэд төлбөрөө төлөөд тэдгээр хувийн эмнэлгүүдэд хандах боломжтойг мөн дуулгав. Гар өвдөх, вакцин тариулсан газар хөндүүрлэх, толгой өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдгээс гадна маш цөөхөн тохиолдолд вакцины сөрөг урвал илэрч байгаа гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан хэлэхдээ “”Ковид-19”-ын тохиолдлын тоо сүүлийн долоо хоногт эрс нэмэгдлээ. Дотоодын халдвар нэмэгдсэн, омикроны тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан хариу арга хэмжээг мөн өөрчилж байгаа. ДЭМБ, Өвчний хяналт судлалын төвөөс өгч байгаа удирдамж байгаа. Түүнчлэн, манай улсын УОК, Засгийн газар, ЭМЯ-наас гаргасан тушаал шийдвэрүүд нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдлөө. Нэгдүгээрт, эрсдэлд суурилсан буюу хилийн тандалтын хариу арга хэмжээг авч байсан бол цаашдаа тандалт, сэргийлэлтийн чиглэлээр хариу арга хэмжээ авна.
Хоёрдугаарт, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав, дөрөвдүгээр тунгийн ирцийг нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ. Дөрөвдүгээрт, хилийн тандалт эрсдэлд суурилсан арга хэмжээ орж ирлээ. Өөрөөр хэлбэл, хилийн тандалт буюу гаднаас ирэх иргэдийг тусгаарлах ажлыг зогсоолоо. Харин дотоодын халдвар буюу илэрч буй тохиолдлуудыг хянах, нийт иргэдийн дундах халдварыг зогсоох, халдварын шинэ бүсийг тогтоох зэрэг ажлыг хийж байна. Шинэ хувилбар маш өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээний дүн гарлаа. Тиймээс цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээг салбар бүрээр гаргана” гэсэн юм.