Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих хоёрдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг энэ сарын 13 -ны өдөр хүлээн авч, өнөөдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж хянан хэлэлцэв.
Улмаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй / гэх үндэслэлээр цагдан хорих хоёрдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ.
Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэж байсан юм.