Төрийн өмчийн зургаан Их сургуулийг хөтөлбөрийн давхцалгүй болгох гэрээг өнгөрсөн хавар байгуулж, энэ дагуу эхний үр дүнгээ өгч эхэллээ. Оюутнууд аль сургуульд суралцахаас үл хамааран сайн багшийн хичээлийг сонгож, кредитээ нэмэх боломжтой болж байна. Нөгөө талаас хэн сайн хөтөлбөртэй, чанартай хичээлийг олон оюутан сонгосноор тухайн багш илүү өндөр цалин, урамшуулал авах боломж бүрдлээ.
2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн.
Энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломж нээгдэж байна. Энэ удаагийн сонгон судлах хичээлийн саналыг 2022 оны хоёрдугаар сарын 9-ийг дуустал https://hutulbur.num.edu.mn/exchange/ цахим системээр бүртгэж байна.
Суралцагчид нь өөрийн хөтөлбөрийн төсөөтэй хичээлээр дүйцүүлэх, чөлөөт сонголтын багцын биелэлтэд тооцуулах эсвэл өөрийн хүсэл сонирхлоор хөтөлбөрийн биелэлтэд тооцуулахгүйгээр сонирхсон бусад их сургуулийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой.
Хичээл солилцооны үйл ажиллагааны зорилго, хэлбэрийн талаар https://news.num.edu.mn/?p=85112 холбоос дахь мэдээнээс дэлгэрэнгүй танилцах боломжтой. Мөн хичээл солилцооны үйл ажиллагааг зохицуулах журамтай (https://news.num.edu.mn/.../%D0%90230-%D0%96%D1%83%D1%80...) уншиж танилцана уу.