ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс албан ёсоор эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-02-14

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж байгаа талаар БШУ-ы яамнаас мэдээлэл хийлээ. Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулна 

2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна. Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой боллоо.

Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia аппликейшнээс хэвлэн авах аж. Мөн арванхоёрдугаар ангийн шалгуулагчдад онлайн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллана. Шалгуулагчид “EEC” аппликейшнийг ашиглан өөрийн хувийн мэдээлэл болон ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой болсон бөгөөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх myfuture.mn цахим хуудсыг ашиглалтад орууллаа.

Шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ  

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлэх бөгөөд Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид ЭЕШ-д бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ. Бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг Боловсролын үнэлгээний төвийн цахим зөвлөх help.eec.mn хуудсаас авах боломжтой.

Монгол хэл бичгийн шалгалтад хэрхэн оролцох вэ 

 Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатарын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусах аж. Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д ЭЕШ-д бүртгүүлэхдээ монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлнэ.

-Монгол хэл бичгийн шалгалт үнэ төлбөргүй байна

-Монгол хэл бичгийн шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана

-Монгол хэл бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно

-Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалттай холбоотой нэмэлт мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн фэйсбүүк хуудас, чатбот үйлчилгээ болон 75779498, 70119498 лавлах утаснаас авах боломжтой аж.