ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын албадад үйлчилж,тэдний мөнгөөр санхүүждэг байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-02-18

Иргэний хөдөлгөөний тэмцэгч, сэтгүүлч Ч.Мөнхбаярыг өчигдөр гудамжинд явж байхад нь тагнуулын тусгай албаны алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулан саатуулсан билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тэмцэгч Ч.Мөнхбаяр нь өнгөн дээрээ эх оронч, тэмцэгчийн дүр эсгэдэг ч цаагуураа гадаадын тусгай албадтай олон жил хамтран ажиллаж байсныг нь нотлох баримтаар баталгаажуулжээ. Мөн үүнийхээ хариуд бэлэн мөнгөөр цалин авдаг байсан гэлээ.

Тагнуулын Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр мэдээлэл өгөхдөө “Тагнуулын байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд гадаадын тагнуулын хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн хүрээнд тагнуул хийх, гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажиллах гэмт хэргийг илрүүлэн тагслан зогсоох үүрэгтэй. Болсон явдлын хүрээнд хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл өгөхийг шаардсан. Тиймээс прокурорын байгууллагад мэдэгдэж, албан ёсоор зөвшөөрөл авсан. Зөвшөөрсөн хэмжээнд товч мэдээлэл өгөөд, асуултад хариулт өгөхгүй.

Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул Тагнуулын байгууллага хойшлуулашгүй үйл ажиллагаа явуулан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Прокурорын зөвшөөрлөөр баривчлах ажиллагаа явагдсаныг мөн мэдэгдье.

Иргэн Ч.Мөнхбаяр нь гадны тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдний үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшуулал тогтмол авч байсан. Өчигдөр үйлдэл дээрээ баригдсан.

Мөн гэрт нь нэгжлэг хийхэд ч мөнгө, эд мөрийн баримт гарсан” гэлээ. Мөн Монгол Улсын иргэн Л гэгч нь мөн удаа дараа гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгч, мөнгөн урамшуулал авсан хэргийг удаа дараа үйлдсэн бөгөөд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэний дагуу энэ сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс найман жилийн хорих ял оноожээ.

Үүнээс гадна Монгол Улсын иргэн А, Э нар нь гадны тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан, гадны тагнуулын байгууллагын ажилтанг Монгол Улсад тагнуул хийхэд үйлчилсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эдгээр мэдээллийг өгч буй нь иргэд хэрвээ гадны тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон бол түүнийгээ сайн дураар илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байдгийг ойлгуулах явдал гэлээ.

Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын иргэн байгууллагад шилжүүлэн өгөхөөр төрийн нууцад хамаарах мэдээ, баримт эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ” хэмээн заажээ.