ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Амарсанаа: Оюутан Б.Ариузаяаг Хуульзүйн сургуулиас хасах санал гаргалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-03-03

Өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа гэгч нь бусдыг өөр лүүгээ муухай харсан гэх үндэслэлээр толгой руу нь халуун кофе асган танхайрч, улмаар цагдаагаа ирэхээр намайг дуудаарай хэмээн утасны дугаараа үлдээж, тухайн охиныг гомдлоо татчих гэх мэтээр дарамталж буй бичлэг сошиал орчинд цацагдсан билээ. Харин тухайн охин Монголын цагдаа надтай зүй бус харьцлаа гэх бичлэгийг сошиал орчинд байршуулаад байсан.

Тэгвэл МУИС-ийн Хуульзүйн сургуулийн төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяаг тус сургуулиас хасах шийдвэрийг тус сургуулийн захиргаанаас гаргасан талаар тус сургуулийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Ирээдүйд иргэний эрх ашгийг хамгаалах хүнлэг энэрэнгүй байх учиртай хуульчаар ийм ёсзүйгүй хүн төгсөж хэрхэвч болохгүй гэсэн МУИС-ийн 1700 гаруй оюутны хүсэлтийг тус сургуулийн зөвлөл хэлэлцэж үзээд энэхүү шийдвэрийг гаргажээ.

Хуульзүйн сургуулийн захирал, доктор профессор Б.Амарсанаа хэлэхдээ “Тодорхой асуудлыг ярьж байгаа учраас бид ул суурьтай хандах ёстой юм. Өчигдөр бид энэ асуудлыг мэдсэн. Энэ нь бодит уу гэдгийг байнга анхаарч байлаа. Өнөөдөр өглөө Захиргааны зөвлөлийн хурлаар авч хэлэлцлээ. Улмаар тухайн оюутныг МУИС-аас хасах тухай санал хүргүүллээ. Хүмүүнлэг ёсны наад захын харилцааг бүдүүлгээр зөрчсөн гэж үзсэн.

Зөвхөн энэ тохиолдлоор дуусахгүй цаашдаа ч мэргэжлийн ёсзүйн хичээлийг сэргээн оруулах чиглэлээр ярилцлаа. Цаашдаа оюутнаа сонгон шалгаруулахдаа ямар зүйлийг нэмж анхаарах ёстойг мөн ярилцлаа. Манай сургуульд шилдэг оюутнууд сурдаг. Олон хүн дунд мэдээж ганц нэг хүн доголдол гаргахыг үгүйсгэхгүй. Зөвхөн ёсзүйн хичээлээр хязгаарлахгүйгээр хүн байх асуудлыг хичээл бүрт ярина” хэмээлээ.

Харин Академич С.Нарангэрэл “Дээд боловсролын тухай хуулийн 6.2-т “Тухайн оюутан суралцагч нь сургуулийн дотоод дүрэм журамд заасан үүргийг биелүүлнэ”, 45.2-д “Дотоод журмыг хүндэтгэн биелүүлнэ” гэж заасан. Хүмүүний ёс суртахуун, эелдэг харилцааны хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн.

Ийм харилцаа гаргаж байгаа хүнд бид эрхзүйн диплом өгөөд Монголын иргэдийн эрх ашгийг хамгаална аа гээд гаргаж чадахгүй. Энэ бол хүмүүний тухай асуудал яригдаж байгаа гэдгийг онцгой анхаарах байх аа. Энэ бол нэг үйл явдал. Цаашдаа сургамж аваасай гэж хүсэж байна. Хуульч болно гэж сэтгэл зүтгэлээ өвөртөлж ирсэн залуус ч ёс суртахуунаа анхаарах цаг болсныг энэ жишээ харууллаа” гэсэн юм. Оюутан Б.Ариунзаяаг энэ асуудлаар ирж тайлбар өгөхийг сургуулийн захиргаанаас мэйлээр болон утсаар холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн ч ирээгүй гэдгийг мөн тодотголоо. Салбар сургуулийн захиралд сургуулиас хасах эрх байхгүй бөгөөд боловсруулсан саналаа МУИС-ийн захиралд илгээснээр асуудал шийдэгддэг ажээ.