Украин болон ОХУ-ын нөхцөл байдлын талаарх шинэхэн мэдээллийг хүргэе. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын газрын тосны импортод хориг тавьж байгаагаа зарлажээ. Ингэснээр ОХУ-ын Украинд явуулж байгаа цэрэг дайны ажиллагаанд санхүүгийн талаас хүчтэй цохилт өгнө. Өөрөөр хэлбэл, Оросын эдийн засгийн гол судсыг нь онилж байна гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн аж.
Жо Байден мэдэгдэлдээ, “Европ дахь түншүүдтэйгээ сайтар зөвлөлдсөний эцэст ОХУ-аас цаашид газрын тос авахгүй байхаар шийдвэрлэлээ. Бид В.Путины хийж буй дайныг цаашид санхүүжүүлэхгүй.
Манай Европ дахь зарим түншүүд одоогоор ийм шийдвэр гаргахад бэлэн бус байгааг ойлгож байна. Цаашид эдгээр улс орнуудыг эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ОХУ-аас хараат бус болгох чиглэлээр бид хамтран стратеги боловсруулах болно.
Бид хамтдаа нэгдмэл зорилготой, эв нэгдэлтэй байна" гэж мэдэгджээ. Америкийн конгресс ч Оросоос авч байгаа эрчим хүчний импортод хориг тавих, Орос, Беларусьтай худалдааны харилцааг зогсоохоор Цагаан ордонд шахалт үзүүлж байгаа аж. Энэхүү хориг арга хэмжээг авснаар хий болон шатахууны үнэ өсөх эрсдэлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа хэмээн АНУ-ын томоохон хэвлэлүүд онцолжээ.
ОХУ-аас мөн АНУ болон дэлхийн бусад улс орны томоохон брэндүүд дэлгүүр, франчайзаа татсаар байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар McDonalds бүх салбараа хаасан бол нэлээд гүрийсний эцэст Coca-Cola, PepsiCo, Starbucks, Universal Music болон бусад томоохон компаниуд үйл ажиллагаагаа зогсоожээ.