ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Александр Новак: Нефтийн үнэ хоёр дахин өсөж, баррель нь 300 орчим ам.доллар болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-03-09

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден өчигдөр мэдэгдэл хийж, ОХУ-аас орж ирэх газрын тосны импортод хориг тавьж буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр, “Европ дахь түншүүдтэйгээ сайтар зөвлөлдсөний эцэст энэ шийдвэрийг гаргалаа. Цаашид бид В.Путины дайныг санхүүжүүлэхгүй. Импортын хоригтой холбогдуулан нефтийн үнэ өсөх хэдий ч зарим улс орнуудыг ОХУ-аас эрчим хүчний хараат болгохгүй байх чиглэлд хамтарч ажиллана” хэмээн мэдэгдээд байгаа. Мөн газрын тосны үнээ хөөрөгдөхгүй байхыг бусад улс орон болон хувийн компаниудад уриалсан билээ. 

Тэгвэл энэ шийдвэрийг гаргахаар Цагаан ордонд хуралдаж байгаа гэх мэдээлэл өнгөрөгч даваа гарагт гарсны дараа ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак телевизэд өгсөн ярилцлагадаа “Барууны орнууд Оросын нефтийн импортод хориг тавьснаар нефтийн үнэ хоёр дахин өсөж, баррель нь 300 орчим ам.доллар болж, Оросоос Герман руу чиглэсэн байгалийн хийн хоолойг хаахад хүргэнэ” хэмээн ярьжээ.

Тэрбээр,  “Оросын нефтээс татгалзах нь дэлхийн зах зээлд сүйрлийн үр дагаварт хүргэх нь туйлын тодорхой. Үнийн өсөлтийг урьдчилан тааварлах боломжгүй. Нэг баррель нь 300 доллар болно" хэмээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч  Ж.Байдены энэхүү шийдвэрийг Европын холбооны зарим улс орнууд дэмжихгүй байгаа бөгөөд ОХУ-аас ирж буй эрчим хүчний импорт нь Европчуудын өдөр тутмын амьдралд "нэн чухал"  хэмээн мэдэгдэж байгаа талаар Aljazeera.com мэдээллээ.

Дэлхийн томчуудын зодоон, дайн тулааны улмаас газрын тосны үнэ тасралтгүй өссөөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар баррель нь 139.13 ам.долларт хүрээд байгаа юм. Тэгвэл өчигдөр зарласан Ж.Байдены энэхүү мэдэгдлээс үүдэн цаашдаа ч огцом нэмэгдсээр байхыг экспертүүд анхааруулж байгаа билээ. Монгол Улсын тухайд мөн л ОХУ-аас эрчим хүч, газрын тосоо импортолдог.

Цаашдаа энэ мэт нөхцөл байдлаас үүдэн шатахууны үнэ нэмэгдэх, хомсдох, эс бөгөөс ОХУ импортоо зогсоож мэдэх нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас Уул уурхайн сайд Г.Ёндон болон Дэд сайд О.Батнайрамдал нар өргөн бүрэлдэхүүнтэй ОХУ, Беларусь улсад албан ёсны айлчлал хийж, Роснефтийн удирдлагуудтай тээвэрлэлт, нөөцийн асуудлаар уулзалт хийж байна.