Жил бүрийн 3-р сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг. Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд эл өдрийг одоогоор дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэж байна.
Бөөр өвчилж эхэлснийг ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ. Олон хүн бөөрөө муудсаныг мэдэхгүй явдаг?
Бөөр бол хүний биеийн лаборатори юм. Бөөр өвдөж байна уу, үгүй юу гэдгийг олон шинж тэмдгээр мэдэж болно. Хамгийн эхнийх нь ууц нуруугаар өвдөх. Бас хавагнаж болно. Хүмүүс өглөө босохоор нүд бүлцийгээд хавагнаад байна гэж ярьдаг. Үүнээс гадна хөлийн шилбээр, эсвэл бүр бүх биеэр хавагнаж ч бас болно. Ингэхгүйгээр зүгээр хөшөөд өвдөөд яваад байхыг ч үгүйсгэхгүй. Өөр нэг шинж тэмдэг нь даралт ихсэх. Бөөрний гаралтай даралт ихсэлт нь эм уухаас нааш өөрөө буудаггүй. Дээд, доод хоёр даралт хоорондоо ойртох нь ч бас бөөр өвдсөний шинж мөн.
Бөөрний олон төрлийн үрэвсэлт өвчин байдаг. Үүний нэг шинж тэмдэг нь шээс өөрчлөгдөх байж болно. Шээх үед зовиуртай гарах, дутуу шээх, шээс савирах зэрэг орно. Энэ нь мэдээж бөөрнөөс гадна түрүү булчирхайтай ч холбоотой.
Хүн өдөртөө ажил төрөл ихтэй зэрэг янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалж шээсээ цаг тухайд нь гаргаж чадахгүй хурааж, агуулж явснаар давсаг, бөөрөө үрэвсүүлэх нэг том шалтгаан болдог.
Бөөр, шээсний замын өвчнийг тодорхойлох хамгийн анхан шатны шинжилгээ нь шээсний шинжилгээ. Шээсний шинжилгээнээс гадна нянгийн шинжилгээ өгч, ямар нянгаар үүсгэгдсэн бөөрний өвчин байж болох уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.
Хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг нь бөөр, шээс бэлгийн тогтолцооны өвчин
Хүн амын өвчлөлийн дөрөвдүгээр шалтгаан болсон шээс бэлгийн тогтолцооны өвчин сүүлийн 10 жилийн дунджаар нийт өвчлөлийн 10.6 хувийг эзэлж байна. Шээс бэлгийн тогтолцооны өвчнүүдийн бүтцийг харахад,
Сувганцрын өвчнүүд 47.7 хувь, Эмэгтэйн аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин 15.5 хувь, Эм бэлэг эрхтний үрэвсэлт бус өвчин 9.5 хувь, Шээс ялгаруулах тогтолцооны бусад өвчин 6.9 хувь, Эр бэлэг эрхтний өвчнүүд 7.8 хувь, Хөхний өвчин 3.1 хувь, Бөөрний түүдгэнцрийн өвчнүүд 2.6 хувь, Бөөрний дутмагшил 1.4 хувь, Шээс чулуужих өвчин 2.1, цистит 3.2 хувийг тус тус эзэлж байна.
Бөөрний өвчлөлийн эмчилгээ, тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас хэрхэн зохицуулдаг вэ?
Эрүүл мэндийн даатгалын сангаас бөөрний дутмагшил, бөөрний сувганцрын завсрын эдийн өвчин, бөөр ба шээлгүүрийн бусад эмгэг зэрэг бөөрний өвчлөлийн эмийн болон мэс заслын тусламж, үйлчилгээний 85 хувийг хариуцаж, үлдсэн зардлыг хамтын төлбөрөөр төлж буй.
Түүнчлэн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын тусламж үйлчилгээний нийт зардал 25,4 сая төгрөгийн 75 хувь буюу 19 сая төгрөгийг ЭМД-ын сангаас хариуцаж иргэдийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалан ажиллаж байгаа.
Бөөр ямар шалтгаанаас болж өвддөг, бие эрхтэнд ямар үүрэг, нөлөөтэй, бөөрний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бөөрний гэгддэг МУ-ын Бөөрний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор, бөөрний зөвлөх эмч Б.Бямбадаштай хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.