Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж есөн хувь болгох шийдвэр гаргажээ.
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "Хоёрдугаар сарын статистик дүнгээр инфляц улсын хэмжээнд 14.2, нийслэлд 15.5 хувьд хүрсэн. Иймд бодлогын хүүг (одоо 6.5 хувь байна) өсгөж, 9 хувьд хүргэлээ" гэв.
Энэ сарын 22-нд болсон хэвлэлийн хурлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бодлогын хүүг алгуур буюу 0.5 хувиар өсгөх нь зөв гэж би хувьдаа бодож байна. Цар тахлын дараа эдийн засаг эргээд сэргэж байгаа тул бодлогын хүүг огцом өсгөвөл зээл олголт удааширна. Мөн эдийн засгийн өсөлтийг хязгаарлана. Иймд алгуур өсгөх нь зөв. Гэхдээ Мөнгөний бодлогын хорооны долоон гишүүн хамтран эцсийн шийдвэрийг гаргана. Бодлогын хүү төгрөгийн ханштай шууд холбоогүй. Бид өмнөх хурлаараа бодлогын хүүг 6.5 хувиас дээш өсгөсөн бол өнөөдөр төгрөгийн ханш өсөхгүй байсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Бодлогын хүүг өсгөснөөр төгрөгийн зардал л өснө” гэсэн юм.