Энэ удаагийн “Сондгой өнцөг” буландаа Академич С.Нарангэрэлийг урьж ярилцлаа.
-Тантай энэ удаад хууль, сургууль, боловсрол ярихгүй. Харин урлаг, яруу найраг, ном зохиолын талаар ярьж болох уу?
-Их сонирхолтой булан байна. Би яруу найрагт их дуртай. Энэ сэдэв нь илүү таалагдаж байна. Би арван жилийн сурагч байхдаа хуульч болно гэж бодож байсангүй. Үнэнийг хэлэхэд, хуулийн мэргэжлийг үзэн яддаг байсан ч гэж хэлж болно. Аав минь Монголын нэртэй хуульч, эрдэмтдийн нэг Содовсүрэн гэж хүн байлаа. Тухайн үедээ БНМАУ-ын Дээд шүүхийн орлогч даргаар ажилладаг байсан юм.
-Дургүй атлаа яагаад энэ мэргэжлийг эзэмшсэн юм бэ?
-Энэ их учиртай. Аавын талын хамаатны хүүхдүүд мөрийтэй тоглоом, малын хулгайн хэрэгт холбогдож, хоригдохоор болсон юм. Тэр үед ар гэрийнхэн нь ааваас туслахыг гуйхад, “Би мэдэхгүй. Монголын шүүх мэднэ” гэж хэлж байсан. Гэтэл авга эгчийн нөхөр нь манайд халамцуу ирж, аавыг минь цус нөжтэй нь хутгалдтал зодчихоод “Чамаас цусан төрлөө салгалаа. Ах дүүс байж яахаараа тусалдаггүй юм. Наад хэдэн хүүхдийг чинь сайн сайхан явахыг харна” гэж хэлээд хаалга өшиглөөд гарч байв.
Ийм нөхцөл байдлыг дэргэдээс нь харж байсан учраас хуульч болохгүй гэж боддог байсан хэрэг. Тэгээд л сурагч байхдаа яруу найраг, уран зохиол, түүхийн чиглэлээр өөрийгөө бэлдэж, ЕБС-иа төгсөөд МУИС-ийн Монгол хэл, Уран зохиолын ангид элсч байлаа.
-Та өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаагүй шалтгаан нь юу байв?
-Нэг өдөр аав өрөөндөө дуудлаа. Манайх хоёр хүү, таван охинтой өнөр өтгөн гэр бүл. Гэтэл аав “Хэн нэгийг чинь хуульч болгохгүй бол миний олон жил хураасан эдгээр ном үгүй болно. Би бодож, бодож чамайг МУИС-ийн хуулийн ангид сургахаар боллоо. Өнөөдөр МУИС-ийн профессор Д.Цэвэгмид багштай уулзсан. Сургалтын тэтгэлэг, ангийг чинь хуулийн ангид шилжүүлсэн” гэж хэллээ. Би тэр шөнө аавтайгаа хүний эрхийн төлөө тэмцэл хийсэн. Уйлж орилоод л, хачин авир гаргаж их л эсэргүүцсэн. Харин аав “Нус нулимсаа тат. Хэзээ нэгэн цагт чи надад залбирна” гэж хэлсэн. Эцэг хүний эрс хатуу шийдвэр үр хүүхдийнх нь амьдралын замыг заадаг юм билээ. Ер нь үр хүүхэд эцгийнхээ нэрийг амьдруулдаг юм байна. Ингээд л миний хуульч болох зам мөр нээгдсэн. Ийм л түүхтэй.
-Яруу найраг, утга зохиол, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл юу болсон бэ?
-Хүүхэд байхдаа Монголын яруу, найраг, зохиолын ямар л шинэ бүтээл гарна, бүгдийг нь уншдаг байлаа. Би утга зохиолд жигтэйхэн их дуртай байсан юм. МУИС-ийг төгсөөд, сургуульдаа багшилсан. Мөн УЕП-ын Шүүн таслах ажиллагаанд, хяналт хариуцсан удирдах албан тушаалтай байсан юм. Тэгэхэд 1980-аад оны дундаас хойш Р.Чойном яруу найрагчийг хэлмэгдүүлсэн тухай ам дамжин яригддаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл нь их гардаг. Миний хувьд ч гэсэн оюутан байхдаа Р.Чойномын хаалттай шүлгүүдийг уншдаг, цээжилдэг байсан. Хөдөө, сангийн аж ахуй явахдаа их уншина. Би Р.Чойномын бичсэн шүлгээр нь маш их бахархдаг юм. Ингээд 1980-аад оны сүүлчээр би Р.Чойномын хэрэг гэж ямар зүйл байгааг судалж эхэлсэн. Энэ хэрэг Аюулаас хамгаалах яамны архивт онц нууцын ангилалтай байлаа. Р.Чойном яруу найрагчийг БНМАУ-ын эсрэг сурталчилгаа явуулсан, төрийн эсрэг онц хүнд хэргээр чанга дэглэмтэй хорих ангид, таван жил хорих шийдвэр гаргасан байсан юм. Ийм онц нууц хэргийг УЕП-оос татаж хянадаг байсан. Би УЕП-т ороод Р.Чойномын хэргийг татаж, уншсан. Би олон хавтаст хэрэг уншсан даа. Гэвч Р.Чойномын хавтаст хэрэг шиг хэргийг хэзээ ч уншиж байгаагүй.
-Үзэл суртлын хатуу чанга үе байсны шинж байх. Бичсэн зүйлийнхээ төлөө яллуулна гэдэг ой тойнд баймгүй зүйл шиг санагддаг. Гэвч бидэнд ийм үе байсан гэж бодохоор л...?
-Тийм ээ. Р.Чойномыг хоёр шүлгээр нь шийтгэсэн байдаг. Тухайлбал, ...Уур минь хүрч байна.
Уур минь шатаж байна
Улаан тугаас үнтэй амьд
Улаан зүрх минь шатаж,
Уужим дэлхийд би шатаж байна
Нэг даваанд өссөн үе чацуутан
Нэг тогоонд хооллосон ахан дүүс... гээд явж өгнө. Нөгөөх нь өөрөө өөртөө унших шүлэг юм. Шүлгэнд засаг төрийн харилцаа, ЗХУ-ын эрх баригч нарын явуулж байгаа бодлого, үндэсний өв соёлыг дорд үзэж байна гэсэн утгатай зүйлийг бичсэн байдаг. Гэтэл байцаагчид шүлгийг нь мөр мөрөөр нь агуулгыг нь тайлбарлуулж, мөрдөн байцаалтыг явуулсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Р.Чойном яруу найрагч өөрийнхөө шийтгүүлсэн шүлгийн агуулга бүрийг мөрдөн байцаах газарт тайлбарлаж өгсөн байдаг юм. Тэр мөрдөн байцаалт бүхэлдээ яруу найраг.
-Тэгнэ шүү дээ. Яруу найраг бичсэнийх нь төлөө шийтгэж байгаа юм чинь тайлбар нь тийм байхаас өөр яалтай билээ?
-Улс төрийн гэмт хэрэгтнүүдийг ганцааранг нь хорьдог байсан. Тухайн үед жижиг, цаас харандаа олдвол шүлгээ бичдэг байсан байгаа юм. Тэгээд хянагч нар орж ирээд, шүлгийг нь хурааж аваад, мөрдөн байцаагч нарт өгдөг. Байцаагчид он, сар, өдрийг нь бичээд хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Тэнд хаана ч ил гараагүй шүлгүүд байдаг юм. Тиймээс би Р.Чойномыг уран бүтээл, итгэл үнэмшлээр нь шийтгэсэн байна гэж үзээд цагаатгах асуудлыг УДШ –д оруулахаар УЕП-оос санал явуулсан. Тухайн үед цаг нь болоогүй ч гэсэн хожимоо цагаатгасан юм. Тэгээд би хавтаст хэргийн тэмдэглэлтэй л үлдсэн.
-Р.Чойномын бүтээлийг уншаагүй, мэдэхгүй хүн байхгүй. Энэ хүний гомдлыг та тайлж чаджээ. Хэлмэгдүүлэлт гэдэг сайрхаад байх зүйл биш?
-1980-аад оны сүүлчээр Монголын яруу найргийн загалмайлсан эцэг гэж үзэж болох Д.Пүрэвдорж ахтай таарсан. Д.Пүрэвдорж ах миний аавын найз байгаа юм. Намайг хүүхэд байхаас л мэднэ. Гэтэл Д.Пүрэвдорж ах “Сая би хөөцөлдөж яваад Монголын уран зохиол гэдэг эвлэлийн газрыг байгууллаа. Чи Р.Чойномын хэргийг хамгийн сайн мэдэх, цагаатгуулж явсан хүн. Манай эвлэлээс Р.Чойномын тухай баримтат тууж гаргах гэж байгаа, бичээч” гэсэн даалгавар надад өгсөн. “Ээ ах минь нэг мөр шүлэг хэвлүүлж үзээгүй би баримтат тууж яаж бичих вэ дээ” гэж хэлсэн. Үүний хариуд “Үгүй ээ, яах вэ. Утга зохиол, урлаг сонинд тэр жил хэвлэгдэх номын төлөвлөгөө гаргадаг байсан. Тэгээд уншигчдаас хамгийн олон санал авсан номыг нь хэвлэдэг. Тиймээс чи надад номынхоо гарчгийг хэлчих” гэсэн. Тэгээд би бодож, бодож, “Р.Чойномд тулгасан ял” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацаанд мартчихсан.
-Номоо мартчихсан юм уу эсвэл санаагаа мартчихсан хэрэг үү?
-Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсний дараа Д.Пүрэвдорж ах гэр рүү утасдаж байна. “Нарангэрэлээ, энэ жил хэвлэгдэх номын хэмжээнд чинийх 28 мянган захиалагчийг олоод ирлээ. Одоо чи номоо бич. Оролдоод үз” гэсэн. Би хоёр сар суугаад, номынхоо гар бичмэлийг Д.Пүрэвдорж ахад аваачиж өгсөн юм. Би “За ах минь наадах чинь болохгүй болсон бол шууд миний гар нооргийг ураад хогийн саванд хийчихээрэй” гэж хэлээд гараад явсан. Гэтэл хэд хоногийн дараа Д.Пүрэвдорж ах “Чамд жаахан юм байна. Одоо ном чинь хэвлэлтэд орж байна” гэх нь тэр. Тэгээд 1990 онд “Р.Чойномд тулгасан ял” гэсэн ном 50 мянган хувь хэвлэгдэж, Монголд ардчилал, шинэчлэл бүх зүйлийг эхлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Японы монголч эрдэмтэд Япон улсад хэвлүүлсэн. Өвөрмонголд хэвлэгдэж гарсан. Ингэж би байгалиас надад заяасан нэг хувь авьяасыг жижигхэн сорилт болгосон юм. Монголын зохиолчид, яруу найрагчид надад маш их хүндэтгэлтэй ханддаг. Магадгүй тэр эрхэм хүнийг цагаатгуулж чадсанд талархдаг байх.
-Харин та дууны үг бичиж байв уу?
-Би аавынхаа нутгаар бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хүн. Аавын минь нутгаас дуучид, уран бүтээлчид их төрдөг. Тиймээс би богино дууны хөгжмийн их мастер гэж хэлж болох УГЗ Д.Баттөмөр ахад одоогоос 4-5 жилийн өмнө нэг шүлэг өгсөн. Тэгээд “Би амьддаа ганцхан дууны шүлэг бичнэ. Монголд эх орон, хайр сэтгэл, аав ээжийн тухай маш олон дуу байна. Гэтэл хүний ёс суртахуун жудгийн тухай шүлэг, дуу байхгүй байна. Би энэ орон зайд дууны үг бичнэ. Харин та ая хийгээд өгөөрэй” гэж хэлсэн. “Жудаг” дууны үгийн хэсгээс сонирхуулахад,
...Ардын холч ухаан
Андын элгэмсэг ёсон
Булгаж, тэрслээгүй эгэл зан
Бурууг ухааруулсан сэтгэлийн
Заяа тавиланг жудгаар тэгшлэдэг юм
Зүрх сэтгэлийг жудгаар хариулдаг юм... гээд үгэнд Д.Баттөмөр ах ая хийж өгсөн.
-Дуугаа хэнээр дуулуулсан юм бэ. Нэр болоод үг нь их содон юм?
-Би бодож, бодож МУГЖ С.Жавхлан энэ дууг дуулж чадна. Хоолойд нь нийцэх байх гээд С.Жавхлантай биечилж уулзсан. Нот, дууны үгээ ч үзүүлсэн. “Өө болно. Би ийм үгтэй дуу дуулна” гээд авсан. Тэгээд байдаггүй. Жил орчим сураггүй алга болсон.
-Дууны үг болоод нотыг чинь аваад уу. Тэгээд ингэж их удчихаад дуулаагүй юм уу?
-Тийм ээ. Нэг залуу С.Жавхлан гавьяат тантай уулз гэж байна гээд нөгөө нотыг минь дугтуйнд хийгээд өгсөн. Тэгэхээр нь би “С.Жавхлан гавьяатад хэлээ. Ар монголын дуу дуулаачдаас та ганцхан нь биш. Хэзээ нэгэн цагт энэ үгийг, том уран бүтээлчийн зохиосон аяыг дуулах аавын хүү гарах байлгүй дээ” гэж хэлээд явуулсан. Одоо энэ дууг чөлөөт уран бүтээлч н.Ариунболд дуулж байгаа. Сайхан бүтээл болоод дуулагдаж байна. Миний уран бүтээлтэй холбоотой зүйл энэ л байна. Өөр ч нэг сонирхуулаад байх зүйл алга даа.
-Хайрын шүлэгтэй юу?
-Үгүй ээ. Хүүхэд байхдаа л бичсэн байх. Одоо зав алга. /инээв/
-Монголын яруу найрагчдаас хэний бүтээлд илүү дуртай вэ?
-Ер нь Монголын яруу найрагчдаар бахархдаг. Сайхан залуу үе гарч ирж байна. Олон мундаг хүнээс тэр нь, энэ нь гээд онцлохгүй. Бүгд сайхан шүү дээ.
-Дэлхийн найрагчдаас хэн байна вэ?
-Оросын алдарт зохиолч Есенин, Сергей Александрович, Лермонтов, Михаил Юрьевич нарт их дуртай. Мөн унасан газар, угаасан ус, төрөлх эх орныхоо, ард түмнийхээ бусдаас ялгарах өвөрмөц онцлогыг магтан дуулсан шүлэг, яруу найрагт их дуртай.
-Хуульч болоогүй байсан бол та үсээ урт ургуулчихсан, тамхи татаж, хаа нэг 100 татчихаад хэдэн шүлэг тэрлээд явах байсан байх. Аягүй бол Б.Лхагвасүрэн гуайтай эн зэрэгцэхүйц зохиолч болох байсан болов уу?
-/Инээв/. Тийм мундаг хүнтэй эн зэрэгцэхгүй байсан байх. Гэхдээ Б.Лхагвасүрэн бид хоёр сайн найзууд. Эцэг өвгөд минь биднийг холбодог. Манай аав Төв аймгийн Шүүхийн даргаар ажиллаж байсан. Харин Б.Лхагвасүрэнгийн аав хэсгийн шүүхэд даргаар ажиллаж байсан юм. Монголын алдартай зохиолч. Ном бүтээлд нь би хачин их дуртай.
-Гоё шүлэг уншихаар огшоод, омогшоод явдаг мэдрэмж хэвээрээ биз дээ. Сонирхолтой зүйл гэдэг бол баргийн зүйлд чөдөрлүүлээд байдаггүйг мэднэ?
-Хэвээрээ. Би сүүлийн үед Монголын эртний яруу найраг, ёс суртахууны агуулгатай шүлэг, туульсыг нэлээд их судалж байна. Тэнд Монголын сэргэн мандалтын үеийн бичигдээгүй хууль байна. Биднийг ухааруулах ухаан энд байна.