Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээ хүргэх, эрх ашгийг хамгаалах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус газар дээрх хяналт, шалгалт хийн ажилладаг.
2025 оны гуравдугаар улирлын байдлаар 30 лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, 19 эмийн санд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн. Даатгуулагчийн гомдол, мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 13 лавлагаа шатлалын байгууллага, 2 эмийн санд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийгээд байна.
Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд:
Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн төлөвлөгөөт хяналт, шалгалтаар тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах хүний нөөц болон тоног төхөөрөмжийн шаардлага хангалтгүй, нөөц хангалтгүй болсон тухайгаа гэрээний үүргийн дагуу мэдэгдээгүй, даатгуулагчдыг хэвтэн эмчлүүлж байх хугацаанд гаднаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл өөрийн зардлаар авахуулсан, ЭМДҮЗ-ийн тогтоол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээнд зааснаас өөрөөр нэмэлт төлбөр авсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Эмийн сангуудад хийсэн хяналт, шалгалтаар тусгай зөвшөөрөл дээрх хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулаагүй, даатгалаар хөнгөлөх эмийн нөөц хангалтгүй, “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS 5260:2015 стандартын дагуу хүний нөөцийг бүрдүүлээгүй, эмийн сангийн нөөцийн өрөөний хаягжилт хангалтгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн бол нэр бүхий эмийн сангуудад хуурамч жороор нэхэмжлэл илгээн даатгалын сангаас 56,539,431 төгрөгний санхүүжилт авсан, хөнгөлөлттэй эмийн оронд ижил үйлчилгээтэй гэх сүлжээний бүтээгдэхүүн орлуулан өгсөн зэрэг зөрчил илэрч холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Хяналт, шалгалтын үр дүнд:
Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад Улсын байцаагчийн зөвлөмж-12, Улсын байцаагчийн албан шаардлага-9 хүргүүлж, 7 эрүүл мэндийн байгууллагын гэрээг хэсэгчлэн түдгэлзүүлэх, 6 эмийн сангийн гэрээг цуцлах, ЭМДҮЗ-ийн тогтоол, гэрээнд зааснаас өөрөөр нэмэлтээр авсан 2,003,800 төгрөгийг иргэдэд буцаан төлүүлэх зэрэг холбогдох арга хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, тогтоол, журмын хүрээнд авч ажиллаж байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын санг хохироосон нөхөн төлбөрийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудаар даатгалын санд эргэн төлүүлэх ажлыг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гүйцэтгэж байна.