Энэ сарын дунд үеэс Европ тивийн төв болон баруун, зүүн бүс нутгаар цаг агаарын хэт халалт үргэлжилж байна. Хэт халалтаас үүдэлтэй ой хээрийн түймэр өнгөрсөн 7 хоногт Испани, Португал, Францад ассан бол одоо Грек, Британид ид дүрэлзэж байна. Испани, Португал зэрэг улсуудад хэт халууны улмаас нас барсан хүний тоо 2000 давсан аж.
Энэ сард Европ тивийн ард түмэн ойрын жилд тохиогоогүй хамгийн халуун өдрүүдийг өнгөрүүлж байна. Их Британи зэрэг орнуудад цаг агаар цельсийн 40 градус давж халж байна. Өнгөрсөн баасан гарагт Италийн засгийн газар нийт 16 хотод цаг агаарын хэт халуунаас сэрэмжлэх анхааруулга гаргажээ. Италид 7 дугаар сарын 15-аас 21-ний хооронд 32921 газарт ой хээрийн түймэр ассан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4040-өөр давсан үзүүлэлт болжээ.
Тус улсад түймрийн улмаас 27 мянга гаруй га талбай шатсан бол Францад 40 мянга, Испанид 199 мянган га талбай ой хээрийн түймэрт сүйджээ. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээс эхлээд Европын өмнөд бүс Балканы орнуудад цаг агаар цельсийн 42 градус давж халж байгаа юм байна. Босни Герцеговени, Серби зэрэг улсуудад иргэд гол ус, усан сан бараадаж байна.
Дэлхийн цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр Европ тивийг хамарсан цаг агаарын хэт халалт энэ 7 хоногт үргэлжлэх төлөвтэй байна. ДЭМБ цаг агаарын энэ онцгой үзэгдлийг хор хохирол багатай таван туулахын тулд хэт халалтын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халууныг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлж ажиллах тухай зөвлөмжийг улс орнууд болон орон нутгийн засаг захиргаанд хүргүүлжээ. Уг зөвлөмжид бие махбодын хүнд хүчир ажлаас зайлсхийх, хүүхэд амьтадыг автомашинд үлдээхгүй байх, эрүүл мэндийн шалтгаантай бол заавал эмчээс зөвлөгөө авах зэрэг зааварчилгааг тусгажээ.
Европын зарим хэвлэлд Европ тив жил ирэх тусам халуун болж байгаа дэлхий ертөнцөд бэлэн биш байна. Европ том хотууд, дэд бүтэц, хүн амынхаа сэтгэлгээг халуунд тэсвэртэй болгохын тулд маш их ажил хийх шаардлагатай. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт Франц, Испани, Грек, Португалд ой хээрийн түймэр дүрэлзэж эхлэхэд Европын Холбоо гал унтраах нэмэлт онгоц илгээхийн оронд гал унтраах онгоц худалдан авах тухай ярьж байсан нь бэлэн биш байгааг харуулж байна гэж шүүмжлэлтэй өнцгөөс мэдээлжээ.
Нөгөө талаас цаг агаарын энэ онцгой үзэгдэл Европын эдийн засагт ихээхэн нөлөөлөх төлөвтэй байна. Тухайлбал Европын орнуудын эрчим хүч, тээвэр, технологийн дэд бүтцийн салбар цельсийн 40градус давж байгаа хэт халууныг тэсэж гарах гэж чармайж байна. Хойд Европын орнуудын байр орон сууц гэхэд дулааныг гадагшлуулах бус хадгалах зориулалттай баригдсан, ихэнх барилга нь агааржуулах системгүй байгаа нь дэд бүтцээ хэт халуунд зохицохоор өөрчлөн засварлах шаардлагатай байгааг харуулж байна.
Испанид орон сууцны барилгууд нь Францынхаас дөрөв дахин их агааржуулагчтай байдаг бол Их Британид 5 орон сууц тутмын нэг нь агааржуулагчтай байдаг гэнэ.