ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд хүрэлцэн очлоо

O.Admin
2022-08-03

БНХАУ-ын эсэргүүцлийг үл харгалзан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань аралд айлчлал хийхээр өнгөрсөн шөнө буулаа.  Түүнийг Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву, АНУ-ын Тайвань дахь төлөөлөгч Сандра Оудкирк нар угтан авсан юм. Лхагва гарагийн өглөө тэрээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзах төлөвтэй байна. Тайваньд буусан даруйдаа хатагтай Пелоси "Дэлхий даяар дарангуйлал, ардчилал хоёрын аль нэгийг сонгох цаг мөч тулгараад байгаа өнөө үед Тайванийн 23 сая хүнтэй АНУ эв санааны нэгдэлтэй байх нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна" хэмээн твиттер хуудсаараа мэдэгджээ. 

Түүнийг ирэхтэй зэрэгцэн Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА) өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээ зарлаж, Тайванийн зүүн эрэгт пуужингийн туршилт хийн, гол арлыг тойрсон усан хилд цэргийн сургуулилалт явуулахаа зарлалаа.

Нэнси Пелосигийн Тайваньд хийж буй айлчлалыг дэмжиж АНУ-ын Сенатын 25 гишүүн мэдэгдэл гаргажээ.  Уг мэдэгдэлд "АНУ-ын Конгрессын гишүүдийн Тайваньд хийж буй энэ айлчлал нь АНУ-ын Конгрессоос 1979 онд батлан гаргасан Тайваньтай Харилцах харилцааны тухай хууль, АНУ болон БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл, АНУ-ын зүгээс Тайваний асуудлаар баримталж ирсэн бодлого, зарчимтай зөрчилдөөгүй. АНУ-ын зүгээс өнөөгийн тогтсон Тайваний статусийг өөрчлөхийн эсрэг байр суурьтай байна" гэжээ.

Хятадтай найрсаг харилцаа тогтоохыг эрхэмлэдэг Тайванийн сөрөг хүчний Гоминдан нам ч уг айлчлалыг сайшаан хүлээн авчээ.

Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яам хатагтай Пелосиг Тайваньд буусан даруйд дахин эсэргүүцсэн мэдэгдэл гаргалаа. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин “Хятад улс Тайваний тусгаар тогтнол руу чиглэсэн салан тусгаарлагчдын үйл ажиллагаа, гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байна. АНУ Тайванийг улс төрийн хөзөр болгон тоглох оролдлогоо орхих ёстой" хэмээн мэдэгджээ. 

Шинжээчдийн үзэж буйгаар айлчлалын хугацаанд Хятадаас шууд дайсагнасан цэргийн ажиллагаа явуулах магадлал бага. Гэвч хариу арга хэмжээ нь сүүлийн жилүүдэд ажиглагдсан бусад үйлдлүүдээс давах магадлалтай байна.