Өмнөд Солонгос улс аж үйлдвэрийн салбарын ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд гадаад ажилчдыг хурдан нэвтрүүлэхийг хичээж, бизнес эрхлэгчдэд "гадаадын ажиллах хүч авах квотыг нэмнэ" гэж мэдэгдэв. Засгийн газар 2020 оноос 2022 оны эхний хагас хүртэл цагаачлалын үйл явц нь хойшлогдсон 42.000 гадаад ажилчдыг нэн яаралтай нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна БНСУ-д ажлын визээр зорчихоор төлөвлөж буй 20.000 гадаад ажилтныг цагаачлалын шалгалтад хамруулахаар болжээ. Эхний ээлжинд ажиллах хүч нэн ховордсон 5 салбарт онцгой журам үйлчилнэ. Тухайлбал усан онгоцны үйлдвэрт 4800, үндсэн аж ахуйн салбарт 27.000, такси автобусны үйлдвэрт 2300, ресторан худалдааны салбарт 14.200, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт хязгаар тогтоохгүй гэнэ. Хөдөлмөрийн яамны мэдээлснээр энэ онд тус улсад орж ирсэн гадаад ажилтны тоо 1-р сард 2670 байсан бол 7 сард 6200 болж нэмэгджээ. Тус улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Чоо Кюнг Хо хэлэхдээ:
- Манай улсад боловсон хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Засгийн Газар наймдугаар сардаа багтан ажиллах хүч дутагдсан салбаруудад гадаад ажилтны квотыг нэмнэ. Мөн 2023 оны квотыг аль болох хурдан тогтооно.
гэж мэдэгдлээ. Нэн ялангуяа усан онгоцны үйлдвэрлэлийн салбарт санаа зовниж буйгаа салбарын сайд илэрхийлж, гадаад захиалгын тоо нэмэгдэхийн хэрээр ажиллах хүчний хомсдол үүссэнийг тайлбарлажээ. Иймд зөвхөн усан онгоцны үйлдвэрлэлийн салбарт "чадварлаг" гадаад ажилчдад зориулсан онцгой квотыг эхлүүлнэ. Одоогийн байдлаар энэ салбарт мэргэшсэн гадаадын ажилчдын тоо 2000 орчим л байна. "Аж ахуйн нэгжүүдийн сул ажлын байрны тоо зургадугаар сарын байдлаар 234.000-д хүрсэн нь 2018 оны 2-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт" гэж тэрээр нэмж хэлжээ. 234 мянган сул ажлын байрны 224 мянга нь 300-аас доош ажилчинтай жижиг, дунд үйлдвэрүүд байгаа юм.
Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний зураглал гаргах сайд нарын хурал дээр "Засгийн газар ойрын таван жилд 16 их наяд вон ($12.2 тэрбум) буюу түүнээс дээш үнэ бүхий ашиглагддаггүй, үр ашиггүй өмч хөрөнгөө зарна" гэж Сангийн сайд хэллээ. Сангийн яамны мэдээлснээр, 2021 он гэхэд төрийн өмчийн газар, барилга байгууламжийн нийт үнэ 700 их наяд вон давжээ. Энэхүү 700 их наяд воны хөрөнгийн 5 хүртэлх хувийг хувийн хэвшилд худалдах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Төлөвлөсөн борлуулалт нь улсын төсвийг сайжруулна. Засгийн газар 2020 оноос хойш цар тахлын эсрэг асар их хөрөнгө зарцуулсан тул хүндрэлд ороод байгаа юм.
Энэхүү цогц арга хэмжээ бүхий төлөвлөгөө нь улсын төсөв, эдийн засгийн тогтвортой байдалд олон нийт санаа зовоож буй үед гарч байна. Эрх баригчид чинээлэг бүлэгт зориулсан аж ахуйн нэгжийн татвар, орлогын албан татварыг бууруулах бодлого баримталж буй юм. Энэ хүнд үеийг үндэсний том аж ахуй нэгж, чинээлэг бүлгийн тусламжтайгаар даван гарна гэж тооцжээ. Тун удахгүй Засгийн Газар хэрэглээний үнийн өсөлттэй тэмцэх арга хэмжээг танилцуулна. Мөн зах зээлд илүү олон орон сууц нийлүүлэх үл хөдлөх хөрөнгийн бодлогыг зарлана гэнэ.
Эх сурвалж: https://www.koreaherald.com/view.php?ud=20220808000635