БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс өнөөдөр дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2022-2023 оны хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгааг салбарын сайд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, 13 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, наймыг нь бусад сургуультай нэгтгэжээ.
Тэрбээр, "Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан. Монгол Улсад 147.000 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо гарсан. Үүнээс 14 их, дээд сургуульд 108.000 оюутан суралцаж байна. Цаашдаа их, дээд сургуулиудын шаардлагыг өндөр болгоно" гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 34 их сургууль, 36 дээд сургууль, найман коллеж тус, тус үйл ажиллагаа явуулдаг аж.
Улмаар, Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурах нь ээ. 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно гэдгийг онцоллоо.
Мөн 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд 163 багш, 1,567 оюутантай байсан аж. 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүйг Л.Энх-Амгалан сайд хэлж байлаа.
Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан 13 сургууль
-Газарчин дээд сургууль
-Зүүн хүрээ коллеж
-Маргад дээд сургууль
-Монголын менежмент, технологийн дээд сургууль
-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
-Номэра дээд сургууль
-Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
-Түшээ дээд сургууль
-Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
-Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууот
-Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
Түүнчлэн, хөдөө орон нутгийн зарим сургуулийг төвийн сургуулиудад нэгтгэж, багшлах боловсон хүчний нөөцийг нь сайжруулах шийдвэр гаргаад байна. Тухайлбал, Завхан, Ховд их сургуулийг МУИС-ийн харьяа сургууль болгохоор шийдвэрлэжээ. Архангай аймгийн багшийн сургуулийг МУБИС-ийн харьяанд шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийжээ. Үүнээс гадна Дүрслэх урлагийн академи дээд сургууль, Монгол Коосэн технологийн коллеж, Шинэ Монгол технологийн коллеж зэрэг нэр бүхий долоон сургуулийг бусад том Их дээд сургуультай нэгтгэжээ.