ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-09-07

БШУЯ, МХЕГ хамтран зургаан сарын турш ЕБС, СӨБ-ийн байгууллагад ажиллаж байгаа багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийж дууссан талаар өчигдөр Л.Энх-Амгалан сайд мэдээлэл хийсэн билээ. Дээрх хоёр салбарт 51 мянган багш ажиллаж байна. Тэдний 71 мянган дипломыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан. Шалгалтад 12 мянган багш диплом, бичиг баримтаа ирүүлээгүй байна.

Шалгалтад хамрагдсан багш нарын баримт бичгээс 724 нь зөрчилтэй болохыг тогтоожээ. Дахин нягтлах шаардлагатай хоёр мянга орчим баримт бичиг байгаа бөгөөд эхний байдлаар илэрсэн 724 бичиг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлжээ. Гэмт хэргийн шинж чанартай эсэхийг нь хуулийн байгууллага эцэслэн тогтоох аж. 

Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл

- 454 Дипломын дугаар давхардсан /бусдын овог нэр, регистр, гарын үсэг ашигласан, дугаар өөрчилсөн, тамга дардас скайнердсан гэх мэт зөрчил багтана/

-139 Бүртгэлд огт байхгүй дугаар бичиж хуурамчаар үйлдсэн

-109 Өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил

-20 Боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдлээс

-Хоёр нь боловсролын удирдах дээд байгууллагын алдаа

- Бусад

Бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна. Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагджээ. 

Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ "Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө.

Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана" хэмээжээ.