Солонгос улсад арван настай охиноо сургуульд сургаагүй, улмаар хүүхдийн эрхийг зөрчсөн гэх хэрэгт холбогдоод байсан 39 настай А гэх монгол эмэгтэй хоёрдахь шатны шүүхээр хэргээ хэлэлцүүлж, гэм буруугүй гэдгээ тогтоолгожээ.
Хэрэгт холбогдсон А гэгчийг Сөүлийн анхан шатны шүүхээс хүүхдийн эрхийг зөрчсөн, хайхрамжгүй байдалтай хандсан гэх үндэслэлээр таван сая воноор торгож, хүчирхийллийн эсрэг 40 цагийн эмчилгээний хөтөлбөрт хамрагдах ялаар шийтгэжээ. Гэвч эмэгтэйн тухайд визийн асуудлаас үүдэн нутаг буцах байсан учраас охиноо харж хандах хүнгүй орхиж чадаагүй гэдгээ нотолсон учраас хоёрдахь шатны шүүхээс хүсэлтийг нь хүлээж аван, гэм буруугүйг тогтоожээ.
Хэрэгт холбогдсон 39 настай А нь 2006 онд солонгос залуутай гэр бүлээ батлуулж, хүүхэдтэй болсон бөгөөд 2016 онд нөхрөөсөө салж, улмаар монгол залуутай гэр бүл болжээ. Гэвч 2018 онд хүүхдийн тэтгэлэг үргэлжлүүлэн авах боломжгүй болж, виз нь цуцлагдсан учраас Монгол Улс руу буцаж, дахин богино хугацааны виз хүсээд эргэж иржээ. Энэ хугацаанд охиноо тус улсад үлдээх боломжгүй байсан, өөрөө харж хандах учиртай байсан учраас сургууль завсардуулсан гэдгээ шүүхэд ойлгуулсны дараа ийнхүү эерэг шийдвэр гарсан аж.
Анхан шатны шүүхээс түүнийг “Хамтран амьдрагч монгол залуугийнхаа визэд анхаарал хандуулж, түүнийг Солонгос улс руу нэвтрүүлэхийн тулд Монгол руу буцсан нь хүүхдийн боловсрол олгох асуудалд огтхон ч хамаагүй" гэж үзэн торгох шийд гаргаад байсан. Харин хоёрдахь шатны шүүх анхан шатны шүүгчид хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээд “А нь ганцаараа Монгол руу явсан бол охиныг харж хандах хүн энд байхгүй байсан. Сайхан амьдрал бий болгохын тулд дахин гэрлэсэн хүнийхээ цагаачлалын асуудлыг шийдэхээр гадагшаа гарсан нь түүний буруу биш” хэмээн шийджээ.
А нь мөн Гоян хотын дунд сургуульд хүүхдээ сургаж байхдаа хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг байсан, сайн сургаад өгөөрэй хэмээн багштай нь холбоо харилцаатай байсан зэрэг нааштай гэрчийн мэдүүлгүүд түүнд тусалсан аж. Гэхдээ хүүхдээ сургахаа больсны дараа “Хүүхэд боловсрол эзэмшиж байгаа эсэх”-ийг тодруулсан сургуулийн хүсэлтэд дургүйцсэн хандлага гаргаж, зургийг нь явуулахаас татгалзсан зэрэг асуудал ч энэхүү шүүх хурлын үеэр хөндөгджээ.
Эх сурвалж: https://www.fnnews.com/news/202209110711335015