Өнөөдөр сошиал орчинд “Луганск, Донецкийн бүгд найрамдах улсад явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанд НАТО-гийн эсрэг тулалдах цэрэг элсүүлж байна, Орос ахан дүүстэйгээ цуг мөр зэрэгцэн тулалдахыг хүсэж байна" гэсэн утга бүхий зар байршуулж, улмаар үүндээ Монгол Улсын Батлан хамгаалах яамны лого ашигласан асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, өнөөдөр сошиал сүлжээнд Монгол Улсын болог ОХУ-ын Батлан хамгаалах яамны логог ашиглан мэдээлэл тавьсан. Бид энэ асуудлаар ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн бодлого хариуцсан атташетай холбогдсон. Ийм асуудал танай ОХУ-ын талаас гарсан уу гэдгийг тодруулсан.
Мөн ОХУ-ын талтай холбогдож асуухад уг мэдээллийг ор үндэслэлгүй болохыг хэлсэн. Бид энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн.
Уг хуурамч мэдээлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой, цаашлаад хор хөнөөл учирч болох асуудал. Үүний эзэн холбогдогчийг тогтооно. Тагнуул болон хууль хяналтын байгууллагууд тогтоочихно.
Энэ мэдээлэл нь Монгол Улсын Засгийн газар, төрөөс хийж буй бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа юм. Монгол Улсын язгуур эрх ашигт мөн нөлөөлөхүйц хуурамч мэдээлэл гаргасан байна. Бид цэргийн харилцаатай бүх улстай сургуулилт хийж байгаа. Саяхан хээрийн сургуулилалтын талаар ташаа мэдээлэл гарсан. Үүнд мөн залруулга хийсэн.
Хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгаж мэдэхүйц хуурамч мэдээлэл тархлаа. Тагнуул, хуулийн байгууллагад шилжүүлж эзнийг нь олно. Ярих, ярихгүй зүйл гэж байдаг юм шүү. Энийг уншиж байхад бүр санаатайгаар тавьсан нь мэдэгдэж байна. Хоёр орны Батлан хамгаалах яамны логог тавьж, юм мэддэг хүмүүс хийсэн нь тодорхой байна. Юм мэддэг хүмүүс бичсэн нь харагдаж байгаа юм” гэлээ.
Мөн сошиал орчинд тархаж буй иймэрхүү мэдээлэлд иргэд цензуртэй хандаж байхыг мөн сануулав. Учир нь Үндсэн хуульд иргэний эрхэмлэх таван үүргийн тавдугаарт буй Монгол Улсын дархан хилээ хамгаалах үүднээс цэрэгт татагддаг болохоос бусад улс орны цэрэгт алба хаалгах гэж нэг ч цэрэг татахгүй гэдгийг мөн онцоллоо.